2022 оны өвлийн Олимпийн 24 дүгээр наадмыг зохион байгуулах хотын нэр тодроход 2 сар хүрэхгүй хугацаа үлдэж байна.
2012 оноос хойш өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотын шалгуур явагдаж өнөөдрийн байдлаар 2 хот өрсөлдөж байгаа юм.
Өчигдөр Швейцарийн Лозаннад Олон улсын Олимпийн Хорооны 101 гишүүн орны 85 нь оролцсон техникийн хурал зөвлөгөөн болсон юм. Энэ хурал дээр өрсөлдөгч хотууд хаалттай хаалганы цаана 45 минутын илтгэлээ танилцуулсан байна. Илтгэлийн дараах хэлэлцүүлэг ч мөн 45 минут үргэлжилжээ.
Ирэх 7 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын Олимпийн Хороо Малайзын нийслэл Куала Лумпур хотод 128 дахь хурал чуулганаа хийж нууц санал хураалтаар Өвлийн Олимпийн 24 дүгээр наадмыг 2022 онд зохион байгуулах хотыг албан ёсоор зарлах юм.
Сүүлчийн шалгуураар Норвегийн Осло, Казакстаны Алматы, Хятадын Бээжин хотууд тунаж үлдээд байсан бол өнгөрсөн оны сүүлээр Осло хот нэрээ татсанаар өрсөлдөөн Алматы, Бээжин хотуудын хооронд явагдаж байна.
Алматы хотын давуу тал нь өвлийн Олимпийн наадам зохион байгуулахад хангалттай байгалийн цастай гэж үзэж байна. Харин Бээжин хотын зүгээс өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахын тулд тав тухтай орчин нөхцлийг бүрэн бүрдүүлж, чанарын өндөр шаардлагад нийцсэн цас мөсөн орчин бүрдүүлж чадахаа мэдэгджээ.
Г.Үжин