Лаос. Төрийн өндөр албан тушаалтнууд тус улсын төв зам, талбайд зарцуулах хөрөнгөөр өөрсдийн амины сууц хүрэх замыг барьж байгаад энгийн иргэд дургүйцэж байгаа аж. Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн яам 5 метр өргөн, 600 метр урт, 400 сая лаос кипийн өртөг бүхий замыг Улс төрийн товчооны гишүүн, Лаосын Авлигатай тэмцэх газрын дарга болон Засгийн газрын хянан шалгах хорооны даргын гэр хүртэл тавихаар баталсан байна.
Нэрээ хэлэхээс татгалзсан Вьентьяаны оршин суугч “Яагаад дарга нар бүгд ижилхэн байдаг юм? Тэд тосгонд амьдардаг хүмүүст зам хэрэгтэй гэдгийг бодохгүй байна. Зөвхөн өөрсдийн гэр лүү зам тавьж байна. Тэд юу чухал гэдгийг боддоггүй юм уу” гэжээ. Харин Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн газрын дарга Детсонкам Таммавонг “Чөлөөт Ази” радиогийн сурвалжлагчид ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Д.Дуулим