“Майкрософт” корпорацийн хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Жерри Никсон өчигдөр технологийн салбарын хуралд оролцжээ.
Компанийнхаа ойрын ирээдүй, төлөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн тэрээр “Майкрософт” компани дахин Windows үйлдлийн системийн шинэ хувилбарыг гаргахгүй хэмээн мэдээллээ.
Жерри Никсоны ярьснаар Windows 10 энэ төрлийн үйлдлийн системийн хамгийн сүүлийнх нь байх аж. Түүнчлэн тэрээр Windows 10 үйлдлийн систем бие даасан цоо шинэ хувилбар биш бөгөөд өмнөх загварыг хэсэгчилсэн хөгжүүлсэн хэмээн тодотгосон байна.
Жерри Никсон “Windows 11 гэж хэзээ ч гарахгүй. Гэхдээ одоогоор Windows-оос төс өөр, Windows 10-ын дараа гаргах үйлдлийн системийг хэрхэн нэрлэхээ шийдээгүй байгаа. Одоогийн үйлдлийн системээ нэрлэхдээ есийг алгасаад 10 гэж дугаарласан нь манай корпораци өнгөрснөөсөө илүү хөгжсөн гэдгийг анхааруулах зорилготой байсан” гэжээ.
Мөн тэрээр “Энэ нь манай үйлдлийн систем хөлдүү байдалд орно гэсэн үг биш. Бид харин ч хамгийн хурднаар ахихыг зорьж байгаа” хэмээн ярьсан байна.
Г.Үжин