Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өнөөдөр БХЯ, ГХЯ болон ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд Танктай хөшөө болон маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ёслолд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдаатар, ГХЯ-ны дэд сайд Ц.Оюундарь болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, БНБелУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобландин нар оролцов.
Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, “Аугаа эх орны дайнд оруулсан Монголчуудын хувь нэмрийг үнэлээд баршгүй. Дайны үед ЗХУ-ын армийн унаж буй морьд болон хүнсний 20 хувийг Монголчууд нийлүүлсэн гэсэн баримт бий. Мөн 300 Монгол хүн өөрийн хүсэлтээр дайнд оролцсон. Дайн эхэлсэн өдрөөс бидний холбоотон болсон нь аугаа эх орны дайнд ялахад томоохон түлхэц болсныг хэлэх нь зөв. Тухайн үед Монгол Улс ДНБ-ийнхээ 50 хувийг фронтод илгээж байснаас аугаа эх орны дайны ялалтад ямар их ач холбогдол өгч байсныг харж болно. ОХУ, Монгол Улсын найрамдалт харилцаа Монголын хөх тэнгэр шиг цэлмэг байж, өргөжин хөгжиж байх болно” гэв.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдаатар, Монгол Улс Аугаа эх орны дайнд ихээхэн үүрэгтэй оролцсон. Монгол улс дайн эхэлсэн өдрөөс ЗХУ-ын холбоотон болж ихээхэн тусламж үзүүлсэн. Энэ нь дайнд ялахад томоохон түлхэц болсон гэж судлаачид үздэг. Түүнчлэн чөлөөлөх дайнд ч тодорхой хувь нэмрээ оруулсан. Тиймээс Аугаа эх орны дайны ялалтын ой бол Монгол түмний тэмдэглэн өнгөрүүлэх ёстой баяр юм” гэлээ.