УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Биржийн тухай хуулийн гол амин сүнс нь төрийн өмчит компани нийтийн баялгийг олборлоод гадагш гаргаж байгаа бол зах зээлийн үнэд хүргэж, нээлттэй худалдан борлуулна гэсэн зарчимтай. Энэ зарчим хуулийн өөрчлөлтөд огт байхгүй, тийм учраас дэмжихгүй.
Биржээр нүүрсээ үнэтэй зарсан мөнгөөр өнөөдөр бид амьдарч байна. Төв банкин дахь валютын нөөц бол нүүрсээ үнэтэй зарж орж ирсэн валют. Ажлын хэсэг байгуулаад ч энэ төсөл сайжрахгүй гэж бодож байна. Энэ хуулийн өөрчлөлтийг ингэж сэглэж байсны оронд Биржийн тухай хуулиа хэвээр үлдээх хэрэгтэй. Энэ хууль батлагдвал бирж гэдэг ойлголт байхгүй болно. Цааш нь сайжруулна гээд байгааг ойлгохгүй байна" гэв.