Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Иймд уншигч та бүхэнд тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс онцлох заалтуудыг танилцуулж байна.
Уг хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар өнгөрсөн сард УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалжээ.
Гэсэн хэдий ч эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаагүй байдлын улмаас уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах, Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсэх зэрэг эрсдэлтэй байгаа учраас уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловруулсан аж.
Нэг. Энэ хуулийн 10.2-т заасан этгээд нь уул уурхайн бүтээгдэхүүний баяжуулалт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээж, экспортлох зорилгоор дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжиж болно.
Уур уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж заасан бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нь дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д дээрх хүндрэл үүсээд буй.
Хоёр. Улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, татвар хураамж нэмэгдэнэ
Өнөөгийн байдлаар төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулах талбайн дүүргэлт 87 хувьтай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ хэмээв. Эдгээр үйлдвэрт 2024 онд дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс 1.5 сая тонн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга ирсэн байгааг борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр 33 тэрбум төгрөгийн орлого олж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, татвар хураамж нэмэгдэх юм байна.
Гурав. Зөрчилтэй заалтууд
Уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана”, мөн “биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэж хатуугаар зохицуулсан нь тус хуулийн 14.2 дахь заалттай зөрчилдөж байгаа юм.
Дөрөв. Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болно
Биржийн форвард гэрээний хэрэгжилт нэг хүртэл жил үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд үүсэх үнийн хэлбэлзэл нь худалдагч, худалдан авагч талуудад эрсдэл үүсгэх эрсдэлтэй байгаа аж. Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болж, талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэнэ. Тухайлбал, Энэ хуулийн 14.6-д заасан үнэд өөрчлөлт оруулахтай холбогдох аргачлалыг батална хэмээн хуулийн төсөлд тусгажээ.