"Pro" театрын уран бүтээлчид энэ удаа Александр Вампиловын алдарт "Нугасны ан" жүжгийн зохиолыг мета драмын хэлбэрээр шинэчлэн толилуулах гэж байна. "Нугасны ан" нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд жүжигчид болон театрын үзэгчид өндөр үнэлдэг бүтээл юм.
2014 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн зургаан оюутан есөн жилийн дараа нэгдэж, "Pro" театрыг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн билээ. Тэд Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн визуал драм, Эрнст Теодор Амадей Гофманы “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг, мөн Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн физикл драм зэрэг олон бүтээлийг үзэгчдэд толилуулаад байна. Тэгвэл энэ удаа "Сүүлчийн бороо" нэртэй, “Нугасны ан” жүжгийн зохиолоор бүтсэн мета драмын жүжгийг дөрөвдүгээр 9-нөөс РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглох гэж байна. Энэхүү жүжигт амьдралын гүн гүнзгий асуудлууд, хүний сэтгэлийн зөрчил, харилцаа, хувь хүний өөрчлөлт, нийгмийн уур амьсгал зэрэг сэдвүүдийг гүн гүнзгий хөндөж, үзэгчдэд өөрсдийн амьдралыг дахин нэг удаа харах боломжийг олгох ажээ.