Зам, тээврийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлажээ. Тодруулбал, Баруунбүрэн-Амарбаясгалант хийд чиглэлийн 33.4 км хатуу хучилттай авто зам барих 41,089,400,000.0 (дөчин нэгэн тэрбум наян есөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийн тендер зарласан байна. Энэ нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын нэг юм.
2025 онд санхүүжих дүн нь 14,435,800,000.0 (арван дөрвөн тэрбум дөрвөн зуун гучин таван сая найман зуун мянга) төгрөг аж.
Тендерийг ирэх сарын 19-ны өдөр нээнэ гэж мэдээлсэн байна.
Амарбаясгалант хийдийн тухай:
Амарбаясгалант хийд нийслэл Улаанбаатар хотоос шулуунаар бол 260-аад км, Дархан, Эрдэнэтийн гол зам дайрдаг Орхон голын гүүрнээс баруун хойшоо 50 гаруйхан км газарт оршдог.
Эл хийд нь Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд оршдог. 1726 онд Монголын уран дархчууд барилгын ажлыг эхлүүлж, 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр агаад анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ хэмээн Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн дөрвөн зүгийн хаанаас нь ч очих боломжтой олон замын зангилаан дээр байгуулагдсанаараа онцлог хэмээн дурдсан байна.