Өнөөдөр "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна". Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүгээрээ 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. Зарим нь 1921 оноос эхтэй гэдэг.
1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31.604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.
Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө
“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун!”
Энэхүү хөшөөг 1994 онд уран барималч Л.Болдын зураг төслөөр бүтээжээ. Дөрвөлжин хар өнгөтэй шоо нь хүний эрх чөлөөг хааж боон нэгэн хэв загварт барьсан байдлыг илэрхийлсэн нүсэр ханыг илэрхийлж, дотор нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөний төлөө тэмцэж тэмүүлсэн хүмүүний дүрийг илэрхийлсэн байдаг бөгөөд зэс хөөмлийн аргаар урлажээ.
Энэхүү хөшөө нь тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимс, гунигт түүхийн гэрч болон бүтээгджээ.
Урт ба өргөн нь 5м, өндөр нь 6.5м, хүндийн жин нь 7-8тн жинтэй хөшөөг гантиг чулуу, төмөр, зэсээр бүтээжээ. 1990 оноос хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт боссон анхны модернист чиглэлийн хөшөө гэдгээрээ онцлог. НИТХ-ын 2007 оны 197-р тогтоолоор Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авчээ.