Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны жилийн эцэст 5573.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 1255.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Даатгалын сангийн орлого нэмэгдэхэд:
- тэтгэврийн даатгалын сангийн орлого 1 131.7 (30.9%) тэрбум төгрөгөөр,
- тэтгэмжийн даатгалын сангийн орлого 82.1 (27.1%) тэрбум төгрөгөөр нөлөөлжээ.
Тус сангийн зарлага 2024 оны жилийн эцэст 5419.3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 1354.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Даатгалын сангийн зарлага нэмэгдэхэд:
- тэтгэврийн даатгалын сангийн зарлага 994.1 тэрбум төгрөгөөр,
- үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн зарлага 293.3 (6.3дахин) тэрбум төгрөгөөр нөлөөлсөн байна.
Тэтгэврийн даатгалын сангаас 2024 оны жилийн эцэст 509.5 мянган хүнд 4 695.8 тэрбум төгрөг олгосон нь 2023 оны мөн үеийнхээс тэтгэвэр авагчид 12.5 мянган хүнээр илүү, олгосон тэтгэврийн хэмжээ 1 044.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн гарчээ.
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 2024 оны жилийн эцсийн байдлаар 51.4 мянган хүнд 188.3 тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь 2023 оныхоос 9.4 мянган хүнээр буурсан. Харин олгосон тэтгэмжийн хэмжээ 40.6 тэрбум төгрөгөөр их байна.
Халамжийн тэтгэвэрт 2024 оны жилийн эцсийн байдлаар 61 мянган иргэн хамрагдсан. Энэ нь 2023 оныхоос 1.6 мянган хүнээр буурчээ. Гэтэл олгосон тэтгэврийн хэмжээ 242.6 тэрбум төгрөгт хүрч, 44.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байх юм.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн хувьд:
- 60 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
- 27.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
- 12.1 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн,
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны жилийн эцсийн байдлаар 288.6 тэрбум төгрөг олгосон нь 2023 оныхоос 107.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 149.7 мянган хүн хамрагдсаны хувьд:
- 52.0 хувь нь асаргааны тэтгэмж,
- 48.0 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авсан иргэд байна.