Жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд дэлхий даяар “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” аяныг зохион байгуулдаг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас энэ өдрүүдэд зориулан Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”, “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” (АСТ) төсөл, MPTF-“Нэг эрүүл мэнд-Бичил биетний тэсвэржилт” төслүүдтэй хамтран мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн, малын эмч, эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид, оюутан залуус, ЕБС-ийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулж, малын эмийн зөв хэрэглээний талаар хүүхэд залуучууд, малчдад зориулан “Ухаалаг ямаа” комик номыг хэвлэн түгээсэн байна.
Аяны хүрээнд бичил биетний тэсвэржилтийн талаар олон нийтэд ойлголт өгөх, эм, бэлдмэл ялангуяа антибиотикийн зөв хэрэглээг хэвшүүлэх талаар мэдлэг мэдээллийг түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл өгөх арга хэмжээг Мал эмнэлгийн ерөнхий газраас зохион байгуулж нийт хорь гаруй сэтгүүлчид оролцжээ. Мөн эрдэмтэн судлаачид энэ асуудалд анхаарлаа хандуулан “Мал эмнэлгийн үйлчилгээ, шинжлэх ухааны ололт, хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол, практикийн хуралд бичил биетийн тэсвэржилтийн талаарх илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна.
Бичил биетний тэсвэржилттэй тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг малын эмч нарын мэдлэг, хандлагыг сайжруулах, орон нутагт ажиллаж байгаа малын эмч нарт бичил биетний тэсвэржилт, эмийн зөв хэрэглээний талаар мэдлэг олгох, туршлага солилцох цахим уулзалт, хэлэлцүүлгийг НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” (АСТ) төсөл Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран орон нутгийн 130 гаруй малын эмч нарын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид Бичил биетний тэсвэржилт, Бичил биетний эсрэг эмийн хариуцлагатай хэрэглээ, Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө 2022-2025-ны явц, хэрэгжилт, малын эмийн хэрэглээний асуудлыг хөндөж, малын эмч нарын бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх талаар санал солилцов.
Энэ өдрүүдэд Мал эмнэлгийн сургуулийн ахлах дамжааны оюутнуудын дунд “Бичил биетний тэсвэржилт, бичил биетний эсрэг эмийн болгоомжтой хэрэглээ талаар хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг зохион байгуулж нийт 250 орчим оюутан залуус оролцов. Оюутнууд баг болон таван минутын дүрийн тоглолтоор дамжуулан хүн, мал, амьтан болон байгаль орчинд бичил биетний тэсвэржилт хэрхэн үүсдэг, түүнээс сэргийлэх арга зам, эмийн хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэгээ бататгасан байна.
Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлийг нэмэгдүүлэх төсөл”, MPTF-“Нэг эрүүл мэнд-Бичил биетний тэсвэржилт” төслүүд хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Нэг Эрүүл Мэнд-Бичил биетний тэсвэржилт” сургалт арга хэмжээнд 120 гаруй сурагч оролцож Шинжлэх ухаан, Хүний эрүүл мэнд, Мал амьтны эрүүл мэнд, Нэг Эрүүл Мэнд гэсэн дөрвөн өртөөгөөр аялж Нэг эрүүл мэндийн ойлголт, Бичил биетний тэсвэржилтийн гарал үүсэл, түүнтэй хэрхэн тэмцэх сэргийлэх талаар мэдлэгтэй боллоо. Өртөөнүүдэд биологи, хүн, мал эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж, эм бэлдмэл ялангуяа антибиотикийн болгоомжтой, зөв хэрэглээ нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болсон талаар зурагт самбар ашиглан, энгийн хэлбэрээр, оролцооны арга ашиглан сурагчдад мэдээлэл өгсөн байна. Арга хэмжээнд хүүхэд залууст нөлөөлөгч олны танил хүмүүс сурагчидтай багаар ажиллан, цахим сүлжээгээр мэдээллийг түгээсэн байна.
Эдгээр арга хэмжээ нь “Нэг Эрүүл Мэнд” ойлголтыг дэлгэрүүлэх, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны асуудлыг хамтад нь авч үзэх шаардлагатайг олон нийтэд сурталчлан ойлгуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.