Манай улсын бизнес эрхлэгч, технологи хөгжүүлэгч, контент үйлдвэрлэгчид гадаадад бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ зарж, борлуулах, орлогоо дотоодын данс руу хүлээн авахад төлбөрийн суваг, шимтгэлийн асуудал тулгамдаж байгаа билээ. Өөрөө хэлбэл төлбөр тооцоогоо түргэн шуурхай, зардал багатайгаар хүлээн авах боломж хязгаарлагдмал байгаа юм.
Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн Газар, хувийн хэвшлийн төлөөллүүд холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьж, дээрх гарц шийдлийг эрэлхийлж ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны 8 дугаар сард АНУ-д хийсэн албан айлчлалын үеэр АНУ-ын Засгийн газрын холбогдох байгууллагууд, Google зэрэг технологийн компаниудад уламжилсан төдийгүй өнгөрсөн хугацаанд ЦХХХЯ-ны зүгээс Google, Paypal, Shift4, dLocal зэрэг олон улсын технологийн компаниудад санал тавьж, дотоодын финтек компаниудтай холболтуудыг хийх чиглэлээр ажиллаж ирсэн.
Энэхүү ажлыг эрчимжүүлэх үүднээс өнөөдөр миний бие, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албан тушаалтнууд хамтран банк санхүүгийн байгууллага, финтек компани, технологийн бизнес эрхлэгч, контент үйлдвэрлэгч иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, цахим худалдааны төлбөр тооцоо хийхэд тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцлээ.
Гадаадаас төлбөр хүлээн авах шимтгэл багатай олон улсын fintech шийдэл оруулж ирэхэд шаардлагатай дотоодын зах зээлийн судалгаа хийж, гадаад төлбөр тооцооны экосистемийг бүрдүүлж, дотоодын финтек хөгжүүлэгчдээ дэмжих чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэх, түүнчлэн гадаадад цахим худалдаагаар экспорт хийх бизнесийн чадавхийг сайжруулах чиглэлээр оролцогчид саналаа илэрхийлж, цаашид энэ чиглэлээр үр дүн гаргахад чиглэсэн төр, хувийн хэвшил хамтарсан ажлыг хэсэг байгуулж, ажиллахаар боллоо.