
"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж хэлсэн С.Зоригийг бид жилд хоёр удаа уйтайгаар дурсан санадаг. С.Зориг тэдэн нас хүрлээ гэж, мөн С.Зориггүйгээр тэдэн жилийг үдлээ гэж. Тэрээр өнөөдөр 61 нас хүрэх байв. Ердөө бидний хийж чадах зүйл бол түүнийг эргэн дурсах, хэлсэн үгийг нь эргэн санах. Иймд Санжаасүрэнгийн Зоригийг түүх өгүүлэх зургаар нь дурсацгаая.
Ах дүүс. Нэг айлын ирээдүйд төрд зүтгэх гурван хүүхэд багадаа ийм байжээ. УИХ-ын гишүүн, сайд С.Оюун, УИХ-ын гишүүн асан С.Зориг, Энэтхэг дэх элчин сайд С.Баяр нарын багын төрх. С.Зориг 1962 оны 4-р сарын 20-нд төрсөн.
Сэхээтэн гэр бүл: Ээж Доржпаламыг нь бид “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр мэднэ. Кинонд төдийгүй амьдрал дээр тэр эмч мэргэжилтэй хүн байв. Харин аав Санжаасүрэн нь Боловсролын яамны орлогч сайдаар ажиллаж байсан ийм сэхээтэн гэр бүл юм.
Ахын зам: Цөөн хүүхэдтэй айлын ойр дотно ах дүүс. С.Оюун ондоо мэргэжилтэй ч ахынхаа үйлсийг үргэлжүүлнэ хэмээн улс төрд хөл тавина.
Залуу С.Зориг: Сэхээтэн айлаас гаралтай, "Орос" гэх тодотголтой 23-р сургуулийг төгссөн С.Зориг МУИС-ын Шинжлэх ухааны коммунизмын онол буюу одоогоор Улс төрийн шинжлэх ухааны багш байхдаа хувьсгалд оролцсон юм.
Caption
Анхны алхам: Их сургуулийн жижиг ангид бусад оронд өрнөж буй ардчиллын салхийг Монголд сэвэлзүүлэх ёстой хэмээн нөхдийн хамт ярьж суужээ.
Caption
С.Зориг ба ирээдүйн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ийнхүү нэг гараанаас эхэлж байв.
Анхдагчид: 1990 онд түүчээлэн гарч ирсэн МСДН, МҮАН-ын лидерүүдийн нэгэн сонирхолтой гэрэл зураг. Э.Бат-Үүл АН-ын анхны даргаар сонгогдож байсан бол С.Зориг Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. Мөн 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайд байлаа.
Э.Бат-Үүл ба С.Зориг: С.Зоригийн дотны найз нь, бас амь насанд нь хүрсэн гэж хамгийн түрүүнд хардуулсан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр аллага болсон газар малгайгаа орхиж явснаас болж энэ хэрэгт сэжиглэгдэж байсан билээ. Тэрбээр "Талийгаач бол их том улс төрч байжээ. Би бол мань эрийн хажууд ерөөсөө хэзээ ч улстөрч биш байсан юм байна. Би одоо өнгөрсөн хойно нь бодоод мань эрийг ойлгох тусам улам бүр харамсдаг болоод байна" гэжээ.
Балбар: 1992-1998 оны парламентад ийм содон хүмүүс сууж байв. Яруу найрагч О.Дашбалбар түүнтэй дотно байснаа дурссан байдаг. Харин УИХ-н шаргал танхимд мөр зэрэгцэн сууж байсан андууд хожим зэрэгцээ газар нойрсжээ.

Бялуу: Ганцаараа бялуу идэж буй хамтрагч нь Монголын төр, засгийн бодлогыг нэг хэсэг тодорхойлсон билээ.
Нэг 'поз' : Тухайн үеийн хамгийн залуу гишүүн С.Баярцогт, Б.Баабар, С.Зориг нар хөгжилтэй нь аргагүй нэг "поз"-той зургаа даруулжээ.

Хувийн цомог: БСШУ-ны дэд сайд асан Ч.Куланда түүнтэй оюутан цагийн найзууд байжээ. Ч.Куландагийн хувийн цомгоос.
Амралт: С.Зоригийг хүнтэй тэр болгон нээлттэй харьцдаггүй, дотогшоо хүн байсан гэж Э.Бат-Үүл найз нь дурссан байдаг. Харин ийм л амралт түүний дотогшоо сэтгэлийг амраадаг байсан биз ээ. Түүнтэй хамт хөргөө инээмсэглэн татуулсан хүмүүсийн хэн нь жинхэнэ найз, хэн нь далд дайсан байсныг С.Зориг ба цаг хугацаа л мэднэ...
1998 он: 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох МАХН-аас Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв.
С.Зориг ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн эхний эгнээнд яригдаж байлаа.
1998 оны 10-р сарын 02. С.Зоригийг алуулсан тухай цочир мэдээ. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30,000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
Гэрч: Хэргийн ганц амьд гэрч С.Зоригийн эхнэр Д.Булган. Ахынхаа амийг нэхнэ гэж амласан С.Оюун нар.
Гэвч энэ хэрэг илрээгүй 25 жил болж байна. Хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг хийсээр...
Хөшөө: Энэ эрхмээс ийм нэгэн хөшөө үлдэв. С.Зориг ба гэр бүлийнхэн.
10-р сарын 02. С.Зоригийг санан дурсан олон хүн түүний хүрэл хөшөөнд цэцэг өргөдөг. Гэхдээ зүгээр ч нэг цэцэг өргөдөггүй. Монгол хүний саруул ухаан, улс төрийн хахир хатууг дор бүрээ тунгаана. Энэ өдөр нэгэн үнэт хүнийг сануулсаар жил бүр нүүдлийн шувуу шиг ахин дахин эргэн ирэх болно. С.Зоригийн гэх хэргийг илрүүлэх зориггүй жилүүд өнгөрсөөр...
Уламжлал ёсоор хамгийн сүүлд буюу өчигдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар цэцэг өргөсөн нь. Тэд жил бүр ингэдэг билээ.

Сэтгэгдэл (2)