ОХУ-ын телевизийн бүтээл “Дятловын даваа” олон ангит киног “Боловсрол” телевиз үзэгчдэдээ хүргэж байгаа. Бодит түүхээс сэдэвлэсэн, онц сонирхолтой энэ киноны зөнч бөө Манси өвгөний дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ёндонгийн Цог бүтээсэн билээ. Түүнтэй энэ дүрийнх нь талаар, “Дятловын даваа” киноны талаар хөөрөлдлөө.
ТНТ телевизийн кино баг Манси өвгөний дүрд тохирох царай төрхтэй, орос хэлтэй жүжигчин хайх эрлээ Казакстанаас эхлүүлсэн ч эрэл мухарджээ. Тэгээд найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгт хандан Манси өвгөний дүрд тохирох монгол жүжигчин олж өгөхийг хүссэн байна. Г.Эрдэнэбилэг энэ саналыг хүлээн аваад Монгол Улсын ардын жүжигчин Г.Равданд хандсан ч тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас Манси өвгөний дүрд тоглох боломжгүй байжээ. Харин Г.Равдан гуай гавьяат жүжигчин Ё.Цогийг санал болгосон ажээ.
-Сайхан өвөлжиж байна уу, Цогоо гуай?
-Сайхаан. Сайхан өвөлжиж байна.
-Таны дүр бүтээсэн “Дятловын даваа” хэмээх Оросын уран бүтээл “Боловсрол” телевизээр гарч байна. Та мэдсэн үү?
-Өчигдөр Ц.Хүсэлбаатар залгаад “Аав таны тоглосон кино зурагтаар гарч байна” гэж хэлсэн. Би Орос сувгаар л гарч байгаа юм байна гэж бодсон юм. Гэтэл хүмүүс залгаад баяр хүргээд эхэлсэн. Монгол дуу оруулгатай гарч байгааг нь тэгж л мэдлээ.
-Киноны зураг авалт 2019 онд эхэлсэн юм билээ. Танд киноны санал ирэхэд яаж хүлээж авсан бэ?
-Тийм ээ. 2019 онд кино жүжигчдийн шалгаруулалт явагдаж, зураг авалт эхэлсэн. Найруулагч Г.Эрдэнэбилэг дүү залгаад таныг кинонд тоглуулах санал ирлээ гэсэн. Уугуул Манси өвгөний дүрд тоглох царай төрхтэй, орос хэлтэй хүн хайж байсан юм байна. Тэгээд л Оросоос зуучлагчаар дамжуулж надтай холбогдоод Москвад ирж кинонд тоглох санал тавьсан. Би хагалгаанд ороод бие ядруухан байсан болохоор миний асран хамгаалагчаар хань минь хамт явсан. Ингээд 2019 оны есдүгээр сард бид Москваг зорьсон.
-Таныг очиход хэрхэн хүлээж авав? Орос хэлээр жүжиглэхэд хүндрэл гарав уу?
-Хань бид хоёрыг маш сайхан хүлээж авсан. Зураг авалтын хугацаа тулчихсан байсан болохоор очсоны маргааш шууд зургандаа орсон. Тухайн үедээ цаг тулчихсан сандарсан шүү. Ингээд зураг авалтын хоёр сар дуусч Монголдоо ирсэн хойно “Москвад хүрэлцэн ирж, бидний орос хэл дээр кинонд дүр бүтээсэнд маш их баярлалаа” гээд кино баг маань талархлын бичиг явуулсан байсан. Багаасаа Орос хүмүүстэй ажиллаж байсан болохоор хэлний хувьд ч тэр, хамтарч ажиллахад хүндрэл байсангүй. Дахин хамтарч ажиллана гээд үлдсэн.
-Зураг авалтаа хаана авсан бэ? Уулархаг цас ихтэй харагдаж байсан.
-Байгалийн зураг авалт Алтайн хязгаарт авсан. Энэ кино маань 1959 онд Уралын нуруу орчимд осолдсон оюутнуудын тухай бодит явдлыг дүрсэлсэн. Тиймээс тухайн газраас холгүйхэн Холатчахль буюу хүйтэн ууланд зураг авалтаа авсан. Харин павилионы дүрсээ Москвад ирж хийсэн.
-Таныг энд ирсний дараа дуу оруулалтаа хийхээр дуудсан гэж байсан. Ковидын үед яаж зохицуулав?
-Монголд анх маск зүүж эхэлж байсан үе. Таны өөрийн хоолойгоор уншуулмаар байна. Та ирэх боломжтой юу гэсэн. Нэгэнт буцаж явах боломжгүй учир зохиолоо эндээ хүлээж аваад Монголынхоо дуу бичлэгийн студид бичээд явуулсан даа.
-Та бүтээсэн дүрийнхээ талаар бидэнд хуваалцаач.
-Миний хувьд Манси хэмээх цөөнх үндэстэний овгийн тэргүүлэгчийн дүрд тоглосон. Тухайн хэргийн үнэн мөнийг олохын тулд, овгийнхоо төлөө явж байгаа дүр.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа, таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа хүүхдүүд минь.
Т.Мөнхжаргал