“Угаартаж үхлээ” гэсэн лоозун бариад Их дэлгүүрийн уулзвар дээр зогсож, өөрийн дуу хоолойгоо хүргэсэн залууг уншигч Та цахим хуудсаар харсан байх. Түүнтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр, залуусыг утаатай эвлэрч амьдрах биш, тэмцээсэй хэмээн ийнхүү өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаа юм.
-“Угаартаж үхлээ” гэсэн бичиг барьсан залуу Их дэлгүүрийн замын уулзвар дээр зогсож байгаа зургийг нь сошиал хуудаснаас харлаа. Та өөрийгөө танилцуулах био хуудсан дээрээ “Угааартаж үхлээ, утсан мах боллоо. Юу бодож байна?” гэж бичсэн байсан. Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?
-Намайг С.Баржав гэдэг. Гэр бүлээрээ гадаадад амьдарч байгаад шинэ оны өмнөхөн Монголдоо амьдрахаар шийдээд ирсэн. Хүүгээ эх оронд нь өсгөхөөр шийдээд ирсэн л дээ. Гадаадад байхад утааны эсрэг арга хэмжээ аваад буурлаа гэж сонсож байсан болохоор арай ч ийм хэмжээнд байна гэж төсөөлөөгүй. Бидэнд харагдахгүй байгаа хэдий ч агаарын чанарыг аппликейшнээр харахад химийн хортой бодисууд нь төсөөлснөөс хэд дахин их байсан. Хамгийн гол нь хүүхдээ цэвэр агаарт, эрүүл орчинд өсгөмөөр байна. Гэтэл заавал хотоос гарах шаардлагатай болж байна, гэтэл өдөр бүр хотоос гарах боломжгүй шүү дээ. Хүүхэд ийм утаатай орчинд торниход тархины даралттай болдог, толгойгоо цохиод балбаж эхэлдэг юм билээ. Хүмүүс үүнийг мэддэг хэрнээ яагаад утааг бууруулахаар дуу хоолойгоо хүргэдэггүй юм бол гэж бухимдсан. Тиймээс хүмүүст анхааруулга өгөх санаатай гэрийнхээ ойролцоо гарцан дээр постер барьж зогссон.
-Хэд хоног ингэж зогссон бэ?
-Хоёр, гурван өдөр зогссон. Ажил амжуулахаар явахдаа, фитнест явах замдаа постероо барьж гараад зогссон.
-Өчигдөр таныг цагдаа нар саатууллаа гэсэн мэдээлэл явсан. Юунаас болж саатуулсан бэ?
-Өчигдөр нэг залуу залгаад хаана зогсч байгааг минь асууж, хамт зогсохыг хүссэн. Тиймээс нэг постероо өгөөд олуулаа зогслоо гэх вий гээд холхон зогссон. Харин зогсоод арван минут болж байхад цагдаа ирээд ямар учиртай зогсч байгааг асуугаад зөвшөөрөл авсан эсэхийг асуусан. Бид эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлээд тус тусдаа зогсч байгаа гэдгээ хэлсэн. Гэтэл цар тахлын хуулиар хоёр ба түүнээс дээш хүн ингэж зогсвол зөвшөөрөл авах шаардлагатай юм байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж мэдүүлэг авах шаардлагатай гээд биднийг авч явсан.
-Хоёулаа болохоор дүүргээсээ заавал зөвшөөрөл авах ёстой юм байна. Тэгвэл өмнөх шигээ үргэлжлүүлээд ганцаараа тэмцэх үү?
-Тийм ээ, ганцаараа ч хамаагүй үргэлжлүүлээд утааг бууруулахын төлөө дуу хоолойгоо хүргэнэ, тэмцэнэ. Мэдээж хэрэг үр хүүхдээ бодоод чадах чинээгээрээ тэмцлээ үргэлжлүүлнэ гэж бодож байна. Хууль журамд нийцүүлэн үзэл бодлоо илэрхийлэх болно.
-Таныг дэмжих олон мянган улаанбаатарчууд байгаа. Тэдэнтэй яаж нэгдэх вэ?
-Тэгэлгүй яахав. Холбогдох газарт мэдэгдлээ өгөөд, хэрэв зөвшөөрвөл олуулаа тэмцэхэд болохгүй юм байхгүй. Ямартай ч эхлээд зөвшөөрөл хүснэ ээ.
-Мэдүүлэг өгсөн үү. Мэдүүлгээ юу гэж өгсөн бэ? Уг нь асуугаад байхааргүй Улаанбаатарчууд бүгд угаартаж үхэх нөхцөлд ажиллаж амьдарч байгаа нь амьсгалахад л мэдэгдэж байгаа шүү дээ. Цагдаа нар юу гэж байх юм.
-Цагдаагийн хэлтэст очоод гэрчийн мэдүүлэг өгсөн. Ямар учраас яах гэж зогссон гэх мэт ерөнхий асуултад хариулаад, ямар нэг зөрчил илрээгүй гээд явсан. Хэрэв зөрчил илэрсэн бол иргэдийг жагсаал цуглаанд уриалсан гэх үндэслэлээр саатуулах юм уу торгуулийн арга хэмжээ авахуулах заалттай юм байна. Цагдаа нар эелдэг харилцаж байсан. Бүгд л дэмжиж байгаа гэдгээ хэлсэн, үр хүүхдийнхээ төлөө ингэж зогсмоор байгаа ч хууль дүрэм өөр гэсэн дээ.
-Таны сошиал хуудаснаас таныг гадаадад ажиллаж, амьдарч байгаад Монголдоо буцаж иржээ гэж мэдсэн. Хаана юу хийж байсан бэ?
-Эхнэртэйгээ дөрвөн жилийн өмнө АНУ-руу нүүсэн. Тэнд ажиллаж амьдарч байгаад хүүхдээ Монголдоо өсгөе, сурсан мэдсэн зүйлээ эндээ бүтээе гээд буцаж ирсэн.
-Ирээд хамгийн түрүүнд юу хийхийг зорив?
-Үнэнийг хэлэхэд ирээд сайхан амьдарна л гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэтэл Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлаас гэртээ ирэх замдаа утааг хараад гайхсан. Яаж ийм орчинд сайхан амьдарна аа гэж бодсон. Цаг алдалгүй энэ бүхний эсрэг тэмцэж, залуусаа уриалан дуудах ёстой юм байна гэж бодсон. Ерөөсөө л хойч үеийнхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө бид л дуугарахгүй бол болохгүй гэдгийг Хөшигийн хөндийгөөс Улаанбаатар руу ирж явахдаа мэдэрсэн. Тэр утааг хараад өмнө нь бодож байсан сайхан бодлууд бүгд замхарсан.
-Яах гэж Монголдоо ирэв ээ гэж харамсах үе гарав уу?
-Хүүгээ хараад яах гэж ийм утаатай нөхцөлд амьдрах гээд аваад ирэв ээ гэж харамссан, нуухгүй. Гэхдээ харамслаа гээд зүгээр суух биш, нэгэнт шийдээд энд ирсэн болохоор тэмцье гэсэн бодолтой байгаа.
-Дараагийн алхам тань юу байх вэ?
-Мэдээж хууль дүрмээ дагах нь зөв. Гэхдээ тэмцлийн маш олон арга байгаа. Жишээлбэл АНУ-д цагдаагийн гарт амь үрэгдсэн хар арьстай залуугийн төлөөх тэмцэл одоо ч үргэлжилж байгаа. Хүмүүс цуглах биш ажиллаж амьдарч байгаа барилгын гадаа тэмцлийн бичиг байрлуулсан байдаг. Түүгээрээ ямар ч үед тэмцэж байгаа гэдгээ илэрхийлдэг. Тиймээс ямар нэг үр дүнд хүртлээ утаатай яаж тэмцмээр байгаагаа бичээд амьдарч байгаа хотхоныхоо гадна байрлуулах байдлаар тэмцсэн ч болно.
-Залуусыг уриалж тэмцэж байгаад тань баярлалаа. Тэмцэл үр дүнд хүрнэ гэж найдъя.
Т.Мөнхжаргал