-
2017 оны 1 сарын 02
Он солигдох мөчид Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,гавьяат тээвэрчин Шагдарын Дашцэрэнд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
-
2017 оны 1 сарын 02
2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байгаа НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд худалдан авсан барааныхаа баримтыг ebarimt.mn системд нэвтрэн орж бүртгүүлснээр 20 хүртэлх хувийн урамшуулал авдаг, сугалаанд хамрагдах боломжийг олгосон.
-
2017 оны 1 сарын 02
Энэ сарын 17-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 18-19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, халтиргаа гулгаа нэмэгдэх төлөвтэй байна.
-
2017 оны 1 сарын 02
Улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь батлагджээ. Шинэ оны эхний сард ихэнх спортын төрлүүдийн УАШТ зохион байгуулагддаг.
-
2017 оны 1 сарын 02
“Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн төв үйлдвэрээс нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаар болж, 5 сая тун вакциныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд авч, эрсдэл бүхий голомтот газруудад хийж эхэллээ. Тодруулбал, 2.5 сая тун вакциныг Архангай, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан зэрэг 7 аймгийн 22 суманд 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Нэн хөнгөлөлттэй үнээр авч байгаа вакцины үлдэгдэл 15 сая тун вакциныг энэ сарын 15-нд авах юм.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүйтний улиралд вакцин хийхэд хүндрэлтэй байгаа тул зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байна. Мөн гуравдугаар сарын 1-ээс орон даяар вакцинжуулалтыг хийж эхлэхээр болсон гэж ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Турк Улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт нэгдүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан.
-
2017 оны 1 сарын 02
2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 508 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 416 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 10 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
СХД-ийн нутаг Ханын материалын зам, Тоосгоны 24 б тоотын хашаа гэрийг H.Avante XD маркийн авто машины жолооч М нь мөргөж гэрт байсан 04 настай эмэгтэй Э, Е1 настай эмэгтэй М нарыг гэмтээсэн.
Орон нутагт:Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвөөс 276 км-т төвийн шороон замд Уаз-22069 маркийн авто машины жолооч Э нь улсын дугааргүй Мустанг маркийн П жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 22 настай эрэгтэй П-ийн амь нас хохирсон.
Өнгөрсөн жил буюу 2015 оны 12 сарын 31, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 498 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байсан юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас 2017 оныг хууль эрх зүйн шинэчлэл, иргэдийн оролцооны жил хэмээн зарласан. Үүнтэй уялдуулж нийслэлийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулах аж. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг.
Энэ жилийн бүтгэлийн ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
Нийслэлийн Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд тусгаар тогтносон улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой чухал бүртгэл гэж үзэх хэрэгтэй. 18-50 насны бүхий л эрчүүдийг цэргийн алба хааж үүргээ биелүүлэх боломжийг хангаж өгөх, бэлтгэл ажлаа хангахын тулд энэхүү бүртгэл явагдаж байгаа. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бүртгүүлээгүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгөөд байна. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана” хэмээлээ.
Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар цэргийн тоо бүртгэлийн ажлын бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг энэ үеэр хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.
Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирж, объектын гал түймрийн 38, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 4 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюулд өртөж угаартсан 1 хүнд эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалав.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас томилогдсон Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдийн пиротехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавьж, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсний үр дүнд эрүүл мэндээрээ хохирсон, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дээрхи хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослын нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шинэ оны А/01 тоот захирамжаа өнөөдөр гаргалаа. Уг захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хүртээмжтэй, хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ жилийг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлажээ.
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг мөн захирамжаар баталжээ. Төлөвлөгөөнд иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусгаж танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Мөн тэрбээр өнгөрөгч 2016 онд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулсан дүнгийн тухай танилцуулга хийж, “Өнгөрсөн онд 24 удаа Шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, нийт 205 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Цаг үеийн ажил, үйлчилгээний талаар 49, шийдвэрийн хэрэгжилт, сахилга хариуцлагын талаар 35, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаар 58, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тохижилтын талаар 63 үүрэг даалгавар өгөгдсөнөөс хэрэгжилт 91 хувьтай гарсан байна” гэв.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Улаанбаатар хотын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн хоногуудад өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэглэлд шилжин ажилласан. Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9641 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн өдрүүдтэй харьцуулах 58.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газар нийтийн хэв журам сахиулан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1064 алба хаагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж ажилласан. Мөн баярын өдрүүдэд болсон “Монгол төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх”, “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүн зэрэг 19 удаагийн арга хэмжээний үед цагдаагийн 828 алба хаагч хэв журам сахиулж хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн” гэлээ.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4347 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй 1606 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 112 ослыг материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын ослын хэрэг буурчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 841 зөрчил илрүүлсэн байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.
НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр шинэ оны эхний 10 хоногт хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 145 удаагийн дуудлага ирснээс объектын гал түймрийн 130 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагатай байлаа. Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд гарсан томоохон хэмжээний гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа” гэв.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2017 оныг бид “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон” зарлаж байна. Энэ жил бүхэлдээ ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх жил болж байна” гээд 2017 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээгээр хэрэгжих ажлуудын задаргааг энэ долоо хоногт багтаан Бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх, 2017 онд улс, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк нь байгаль орчинд ээлтэй байх эрхэм зорилгыг урдаа тавин ажиллаж байгаа. Зорилгодоо хүрэхэд төлөвлөн хийж байгаа ажлуудын нэг нь цэвэрлэгдсэн усыг эргүүлэн ашиглах явдал юм.
Паркийн газар доорхи инженерийн шугам сүлжээ нь хонгилын системтэй, хонгилын системд цэвэрлэгдсэн усыг буцаан ашиглах шугам төлөвлөн “Элста” ХХК-аар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн дуусах шатандаа явж байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэгээр зохион байгуулсан “Стандартчилал, чанарын баталгаажуулалт” сэдэвт 45 хоногийн сургалтанд мэргэжилтнээ хамруулсан аж.
Монгол улсын стандартад цэвэрлэгдсэн усны стандарт боловсруулагдсан боловч цэвэрлэгдээд гарсан усыг юунд ашиглах нь тодорхой бус байгаа тул дээрхи стандартыг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэхээр 2017 оны зорилгодоо тусгаж, Стандартчилал хэмжил зүйн төвд захиалгаа хүргүүлсэн байна.
Мөн Бүгд Найрамдах Энэтхэг улс болон Азийн зарим орнуудын туршлагаар цэвэрлэх байгууламжаас гарах усыг байгальд нийлүүлэхээс өмнө загас үржүүлж, усны чанарыг хянахын тулд ерөнхий төлөвлөгөөндөө цэвэрлэх байгууламжаас гарах хэсэгт цөөрөм төлөвлөсөн байна гэж Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн паркаас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдан тогтоол баталж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн билээ.
-
2017 оны 1 сарын 02
Шинэ оны эхний өдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн гурван амаржих газар нийт шинээр 23 хүүхэд мэндэлжээ.
-
2017 оны 1 сарын 02
Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд дөрөв хоног амарсан.
-
2017 оны 1 сарын 02
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/308 дугаар тушаал, мөн үүрэг хүргүүлэх тухай 2016 оны 1/2553 дугаар албан бичгийг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нар тушаал, шийдвэр гарган бие бүрэлдэхүүнд баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлыг хангах, сонор сэрэмж, хариуцлагыг өндөржүүлэх, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллах, анги байгууллагатайгаа байнга холбоотой байх, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх талаар тодорхой үүрэг даалгавар өгч ажилласан байна.
Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2017” шинэ жилийн цэнгүүнд зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл явуулахад нийт 124 албан хаагч, гал унтраах зориулалтын болон тусгай зориулалтын 7 авто машинтайгаар хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлыг хангуулан, арга хэмжээний үеэр аврах, гал унтраах томилгоот бүлгүүдийг ажиллуулж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажилласан.
Баяр, амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд бичил уурхайд агааргүйдсэн, ногооны зооринд угаартсан, цасанд болон мөсөнд цөмөрсөн, ахуйн осолд орсон 15 иргэнийг авран эмнэлгийн анхны тусламж үзүүлж, осолдсон 4 хүний цогцсыг гарган эмнэлэг, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгөв.
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийтдээ объектын 26 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Үүнд:
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар байрны 18 тоотод 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан гал түймэрт иргэн Х (72 настай, эмэгтэй), Б (58 настай, эрэгтэй), Ц (6 настай, эрэгтэй) нар угаартсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүлүүд болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллалаа.
Энэ хугацаанд аврах, шуурхай албаны болон гал унтраах нийт 967 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 2188 албан хаагч (давхардсан тоогоор) жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэсэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 02
Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Мөнгөтийн Ар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3 км/, иргэн Б, автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч, суусан тухай дуудлагыг 2016.12.31-ны өдрийн 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
-
2017 оны 1 сарын 02
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болсон.
Мөн энэ шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд ч бямба гараг бүр цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр болсон билээ.
-
2017 оны 1 сарын 01
Кембрижийн биологийн статистикч ашигтай болон хортой тодорхой зуршил бүхий хүмүүсийн сайн тал, эрсдэлийг тооцоолжээ. Тэр нийтлэгдсэн олон тооны судалгааг цуглуулаад, хүн өөрийн насыг хичнээн жилээр уртасгах юмуу богиносгож болохыг тодруулсан байна.
Энэ тооцоо түгээмэл шинжтэй биш гэдгийг судлаач Дэвид Спингель хальтер урьдаас сануулж байна. Хүн бүр өөрийн гэсэн тодорхой онцлогтой бөгөөд энэ нь эрүүл мэндэд нөлөөлдөг бөгөөд харин эрдэмтдийн судалгаа, статистикийн тоо баримт нь бүх нарийн ширийн зүйлийг тэр бүр хамарч чаддаггүй. Өөр хоорондоо холбоотой үзүүлэлтүүд бие биедээ заавал шууд нөлөөлөх албагүй аж.
Гэсэн ч өдөрт нэг хайрцаг янжуур татах нь яалт ч үгүй хамгийн хортой. Ингэснээр насаа 7,5 жилээс богиносгох магадлалтай. Тун бага буюу 10 грамм хэмжээний согтууруулах ундаа ашигтай нь сонин юм. Харин үүнээс хэтэрвэл хор хүргэдэг байна.
Янжуур болон согтууруулах ундаанаас учирдаг хорыг биеийн дасгал болон фитнесийн тусламжтайгаар багасгахгүй. Гэхдээ биеийн идэвхитэй байдал нь илүүдэл жинг багасгаж, харин энэ нь мөн наслалттай холбоотой бөгөөд тодруулбал өндөртэй харьцуулж гаргадаг хэвийн хэмжээнээс жин 5 килограмм илүү байвал насыг нэг жилээр богиносгодог байна.
Өдөр бүр телевизор үзэх нь чөлөөт цаг болон амьдралын тодорхой хэсгийг хумслана. Жишээ нь өдөрт 2 цаг телевизор үзэх нь насыг 0,1 сараар богиносгодог гэнэ.
Кофег хэр тааруу уух нь бие махбодид тустай. Гэвч жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь кофеноос дөрөв дахин сайн нөлөөлдөг байна. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо ахиу хэрэглэх нь хүний насыг 4 жилээр уртасгадаг аж.
Гэхдээ хүмүүс урт насладаг болж байгаа үед төрсөн бол та азтай хүн. 1910 онтой харьцуулбал одоо дэлхийд дундаж нас барагцаалбал 14 жилээр илүү байна. 1980 оноос энэ үзүүлэлт 6,4 жилээр нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн наслалт 100 жилд олон жилээр нэмэгдэж, харин сүүлийн гучин жилд эрчүүдийн биеийн байдал овоо дээрдсэн байна.
-
2017 оны 1 сарын 01
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 болж, хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс эхэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээрх шатлалаас буулгахгүй болох дүрэм мөрдөгдөж эхэлж буй юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгон нэмэгдүүлж байсан бөгөөд төгрөгийн уналттай холбоотойгоор өсгөх шаардлагатайг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос тууштай шаардсаар ирсэн юм.