-
2017 оны 1 сарын 10
Өнөөдөр буюу Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудлыг хүлээж авах товтой байсан ч лавтай 7 хоногоор хоногоор хойшилсон байна. Улсын комисс өөрсдийнх нь хэлсэнээр арав хоног “өдөр шөнөгүй ажилласан” ч энэ нүсэр барилга байгууламжийг хүлээж авах нь тийм ч амар хялбар биш юм.
-
2017 оны 1 сарын 10
Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлжээ.
Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
Нэгдүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Налайх дүүргийн нэг дүгээр хороонд тавьсан хөл хорио энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
-
2017 оны 1 сарын 10
Төмөр замын вагон холбогч ажлаа хийж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэхүү хэрэг өчигдөр “Амгалан өртөө”-ний хоёрдугаар зам дээр болсон байна.
-
2017 оны 1 сарын 10
Цагдаагийн байгууллагын алба хаагчид “Доён” хочит У.Болдыг цагдан хорьжээ. “Доён” хочит У.Болд, иргэн Т.Өлзийжаргалын хамт өнгөрөгч оны зургаадугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт галт зэвсгээр буудаж танхайрсан үйлдэлд тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм.
-
2017 оны 1 сарын 10
Дүрэмт хувцсаа өмсчихөөрөө би чинь загварын тайзан дээр байгаа модель шиг л алхана шүү дээ хэмээн гэрэлтэн ярих энэ бүсгүйг Ганзоригийн Алтанцэцэг гэдэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн дуудлага хүлээн авагч. Ахлагч цолтой. Түүнийг энэ удаагийнхаа “Аврагчийн хөрөг” булангийн зочноор урьсан юм. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулья.
-Нэгэн найрагч шүлгэндээ Онцгой байдлын албаныхныг “Зарлаагүй дайны цэргүүд” гэж тодорхойлсон байсан. Энэ ч утгаараа Онцгой байдлын албанд тэр бүр эмэгтэй хүн ороод байдаггүй. Ийм хүнд хэцүү албаны юунд нь дурлаж, ажиллахаар шийдсэн юм бэ?
-2009 онд манай Онцгой байдлын газар дээр дуудлага хүлээн авагч, жолооч, гал сөнөөгч нарыг бэлтгэх анхан шатны сургалт болсон юм. Тэр жил би Хархорин дээд сургуулийг хими, биологийн багш мэргэжлээр төгсөөд, арай л ажилд ороогүй хотод байж байсан юм. Гэтэл аав маань маань “Онцгой байдлын сургалт болох гэж байна. Чи орох уу” гэж ярьсан. Онцгой байдлын албанд ажиллаж байгаа бүсгүйчүүдийг харахаар их гоё санагдаад, өмнө нь орьё гэж бодсон ч сургуулиа төгсөөгүй болохоор шалгуур хангахгүй байсан юм л даа. Тиймээс ааваасаа сургалт болох тухай сонсоод, тэгээд ч дээд сургуулиа төгсчихсөн байсан болохоор шууд л бичиг баримтаа бүрдүүлж өгөөд сургалтад хамрагдсан. Ингэж л энэ сайхан албандаа орж ирсэн дээ.
Аав маань Онцгой байдлын газар насаараа жолооч хийгээд тэтгэвэртээ гарсан. Тийм болохоор хүүхэд байхдаа аавынхаа ажил дээр их ирнэ. Энэ том улаан машинуудын чинь дээгүүр, доогуур гарч тоглоод л багаасаа Онцгой байдлын албаны амьдралыг мэддэг болохоор их дотно санагддаг юм.
-Тэгээд л аав тань өөрийг чинь Онцгой байдлын албан хаагч болгох сонирхолтой байжээ дээ?
-Би оюутан байхын л Онцгой байдлын албан хаагч болохыг их сонирхдог байлаа. “Танайд эмэгтэй хүмүүс ороод эхэллээ. Би орьё л доо” гэхээр аав “Чи эхлээд наад сургуулиа төгсчих” гэдэг байсан юм. Тэгээд л сургуулиа төгссөний минь дараа аймагт маань сургалт болохыг мэдээд надад хэлсэн нь тэр.
-Сургалтандаа суугаад, хүсч байсан албандаа орчихлоо. Анхны мэдрэмж ямар байв?
-Намайг анх ажилд ороход “Манай дуудлага хүлээн авагч нар сургууль, цэцэрлэгээр явж хүүхдүүд сургалт явуулж, яриа таниулга хийдэг. Чамд ч бас тэгж явах шаардлага гарна шүү. Үүнд сайн суралцаарай” гэсэн. Миний хувьд багшийн сургууль төгссөн болохоор энэ нь бүүр ч сайхан санагдаад, 9 сарын 1-нд “Аюулгүй амьдрах ухаан” гэсэн гурван дэвтэр номноос хичээл бэлтгээд цэцэрлэгийн хүүхдүүдэд анх хичээл орсон. Тэгээд л албаны хувцсаа өмссөн чинь цэцэг шиг санагдаад л… Алхаж, гишгэж байгаа минь хүртэл арай л өөр болчихож байгаа юм чинь. Хүүхдүүд дээр оронгуут хүүхдүүдийн намайг харж байгаа нүд нь хүртэл өөр санагдаад л… Анх ингэж сургалтаа хийж эхэлсэн. Үүнээс хойш удирдлагууд маань хийж байгаа ажлыг минь үнэлээд “Дэлхийн зөн”олон улсын байгууллагатай хамтарсан дэд хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтад хоёр удаа явуулсан. Би тэр сургалтуудынхаа үр ашгийг гаргаж, сургалтуудаа улам сайн хийхийг хичээж байгаа. Сургалт хийхийн хамгийн сайхан нь нэг ч гэсэн хүнд гамшиг, гал, аюул осол гэдэг ийм юм байдаг юм байна, ийм ийм зүйлүүдийг мэдсэнээр өөрийгөө болоод бусдын амь насыг авран хамгаалах боломжтой юм байна гэдгийг ойлгуулж, мэдэгдэхүүн өгч байгаад л оршдог. Хэчнээн завгүй байсан ч аль нэг газраас сургалт хийгээд өгөөч гэж хүсэлт ирвэл би аль болох зав зай гаргаж байгаад л очиж сургалт хийхийг хүсдэг. Сургалт хийх нь иргэдэд мэдлэг олгохоос гадна Онцгой байдлын албаа зөв ойлгуулж, таниулах том сурталчилгаа юм уу гэж боддог.
-Дуудлага хүлээн авагч гэдэг их хариуцлага өндөртэй, чухал алба. Энэ мэргэжилдээ хэр дадлагажиж ажиллаж байна даа?
-Сайн дадлагажиж ажиллаж байгаа гэж боддог. Энд байгаа холбоо мэдээллийн хэрэгслүүдээ сайн эзэмшсэн. Мэдээ, мэдээллийг авахдаа нэлээд хянуур авна шүү. Ер нь манай аймаг харьцангуй тайван аймаг. Гэхдээ гарсан дуудлагыг түргэн шуурхай аваад, дамжуулж мэдээллэх ажил дээрээ өөрийгөө сайн л гэж бодож байна. Хийж байгаа ажилдаа эзэн болохыг л хичээдэг дээ.
-Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисгэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрладаг гэх нь бий. Тэгэхээр өөрийн тань мөрөөдлийг сонирхмоор санагдаад байна?
-Би зургаан настай нэг хүүтэй. Энэ жил цэцэрлэгээ төгсч байгаа. Тийм болохоор хүүгээ юмаар дутаахгүй, хайраар дутаахгүй, сайн хүн болгон өсгөх юмсан гэж боддог.
Бас Судан руу явж үзэх юмсан гэж бодоод байгаа. Эмэгтэй хүн явуулахаар болбол шалгалтад нь ороод явчихмаар л санагдаад байгаа юм. Дараа жил хэрвээ эмэгтэй хүн авахаар болбол ямар ч байсан өөрийгөө сориод үзнэ дээ.
-Сонирхдог зүйл гэвэл. Эмэгтэй хүний сонирхолыг татах зүйл ч мундахгүй дээ. Гутал, хувцас, ээмэг зүүлт гээд л?
-Өө тэр тал дээр маруухан шүү дээ. Би чинь өглөө хальт нүүрээ будсан болоод л гардаг хүн. Гутал, цүнх, дэлгүүр хоршоо гэж гүйх тал дээр муу шүү. Ер нь их эршүүд талдаа. Хүүхэд байхын зургаа харахаар хүртэл эрэгтэй хүүхэд шиг бондойсон юм байдаг юм.
-Тэгвэл сургалт хийж байхдаа ч, энгийн үед ч хүмүүст хамгийн ихээр анхааруулж хэлмээр санагддаг зүйл байдаг уу?
-Таныг аврах хүн бол зөвхөн та өөрөө гэдэг үг бий. Үүнтэй ижилхэн таны хайртай хүмүүсийн аюулгүй байдал таны ухамсар, хандлагаас шалтгаалдаг юм шүү гэж хэлмээр санагддаг.
-Хүүхэд насны дурсамж хамгийн мартагдашгүй, гэгээн дурсамж байдаг гэдэг. Тийм нандин дурсамжаасаа хуваалцахгүй юү.
-Хүүхэд насны хөгжилтэй дурсамж олон шүү. Нэг удаа гал түймэр гарсан айлынхан цахилгаанаа салгаагүй явчихсан байвал гарч байгаа гал түймрийг нь унтраахаар ус тавихаар тэр усаар дамжаад жолоочийг нь тог цохиод алчихдаг юм гэнэ гэсэн яриа сонсдог юм. Тэгээд л аавыг минь тог цохичихвий дээ гэж их айдаг байлаа.
Бас нэг хөгжилтэй юм гэвэл тэр үед одоогийнх шиг гар утас тэр болгон байсангүй. Түргэн авах, дуудлагад явах болохоор гэр гэрээс нь дуудаад явна. Тэгсэн аав анх удаа станц авчирдаг юм. Түүний өмнөхөн нь бид “нэгээ, хоёроо, гурваа” гээд л нэг нэгнээ дуудаад тоглосон чинь аав битгий ингэж дууд, шоронгийн хоригдлыг л ингэж дууддаг юм гэж биднийг загнасан байхгүй юү.
Тэгсэн нь маргааш нь өөрөө станцтай болж ирчихээд л “Аав нь даргын жолооч гээд станц аваад. Би гурваа болчихлоо” гээд бөөн баяр. Бид өчигдөрхөн л тэгж дуудаж тоглолоо гэж биднийг загнаад байсан байж гэсэн чинь “За за яах гэж тэгж байдаг юм бэ”гэж байсан нь санаанаас ер гардаггүй.
Одоо бодохоор л инээд хүрээд байдаг юм. Утас байхгүй үед станц чинь их гоё байгаа юм чинь.
Иймэрхүү хөгжилтэй юмнууд их гарна.
Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Онцгой байдлын албаны дайчин бүсгүй минь мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүлж, их амжилтын эзэн нь байгаарай.
Ш.АНХТУЯА
-
2017 оны 1 сарын 10
Тус газраас бүртгэлийн үйлчилгээ болон оюуны өмчийн чиглэлээр 2016 онд хэрэгжүүлсэн ажлын статистик тоо баримтыг танилцуулах Хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд ОӨУБЕГ-ын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр болон бусад газрын дарга нар оролцож мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, манай улсын хүн амын тоо өнгөрсөн оны төгсгөлд 3.123.936 болсон байна. Үүнээс 77762 хүүхэд шинээр төрж, 18805 хүн нас барж, 2278 иргэд улсын харьяатаас гарч бүртгэлээс хасагдсан байна. Мөн 245.009 иргэнд иргэний үнэмлэх олгосноос 49706 шинээр авсан, 83900 хүн үнэмлэхээ дахин солиулсан байна. Харин өнгөрсөн жилийн хувьд нийт 166503 иргэнд гадаад паспорт олгожээ. Сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг хурлын үеэр Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг онцлон хэлж байсан.
-
2017 оны 1 сарын 10
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ дагуу суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22 мянган төгрөг болж нэмэгджээ. Ингэснээр оношлогооны төлбөр хоёр дахин нэмэгдэж байгаа юм.
Өмнө нь суудлын автомашины оношлогооны төлбөр 11 мянган төгрөг байсан. Энэ төлбөрийн хэмжээг өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн мөрдөх юм.
Харин шинэ машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байхаар заажээ.
-
2017 оны 1 сарын 10
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өнөөдөр хүргүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурьдсан байна.
Түүнчлэн энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулжээ. Мөн БСШУС-ын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх тул амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдсэн бөгөөд халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөн шийдвэрлэхээр болжээ.
Түүнчлэн нийслэлээс харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бага хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байгаа бид өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлэн ажиллаж байна” гэжээ. Ингээд Нийслэлийн Засаг даргын хариуг бүрэн эхээр нь хүргэе.
-
2017 оны 1 сарын 10
Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн байна.
Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах нүхийг зохих журмын дагуу бэлтгэжээ. Мөн ДБХС-ийн Ховд дахь салбарын мэргэжилтнүүд бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажиллаж байна. Ийнхүү бөхөнгийн сүрэгт мялзан өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг хүргүүлж байна.
Зэрлэг ан амьтанд бог малын мяпзан гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний ЗӨВЛӨМЖ
Монгол бөхөнгийн тоо толгой: Шинжлэх ухааны Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан судалгаагаар 2014-2015 оны судалгаагаар 13500-14600 толгой тогтоогдсон байна. Монгол Улсын Амьтны тухай хуулиар “Нэн ховор” амьтны зэрэглэлд багтана.
Байршил, тархац нутаг: Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороосНууруудын хөндийн элсэрхэг хээр талаар тархан нутагшиж байв. Харин сүүлийн жилүүдэд тоо толгой нь хорогдсоор Шаргын говь болон Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр 400 орчим км кв багахан бэлчирт үлджээ.
Монгол бөхөнд бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай.
1.Өвчин гарсан бэлчээрийн талбайд малын шилжилт хөдөлгөөнийг хориглох
2.Тухайн голомттой нутаг дэвсгэрт ажиллаж үхэж хорогдсон тухайн амьтны сэг зэмийг цуглуулж ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан “Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар”, “Мал эмнэлэг халдваргүйжүүлэлтийн заавар” зэргийг баримтлан булж устгах
3.Тухайн газар нутгийг халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, тэмдэг, анхааруулах пайз, самбар босгож, хариуцсан байгаль хамгаалагчид хяналт тавин ажиллах
4.Хорио цээрийн хяналтыг чангатгах, орон нутгийн холбоо болон харилцан шуурхай мэдээлэл солилцох ажлыг сайжруулах
5.Хорио цээр тогтоосон газар нутгийг газрын мэдээллийн санд оруулж иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах,
6.Халдварт өвчин гарсныг далимдуулан хууль бусаар хулгайн ан хийх, ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх
8.Малчид хээр хөдөө үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх
9.Хорио цээрийн үед ажиллахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж аваар ослоос урьдчилан сэргийлэх.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
2017 оны 1 сарын 10
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
-
2017 оны 1 сарын 09
Дорнод аймгийн Хавирга боомтоор энэ сарын 3-ны шөнө 1240 толгой адууг хилээр гаргасан тухай мэдээлэл зарим цахим хуудаснаа нийтлэгдсэн билээ.
-
2017 оны 1 сарын 09
Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцлоо.
Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, амны хаалтаас эхлээд цахилгаан, хийн, усан зэрэг төрөл бүрийн халаагуур, зуух, шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, дулаан алдалт багатай нано барилгын материал, автомашинаас гарах утааг багасгагч шингэн гэх мэт өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байлаа. Энэ дундаас янз бүрийн хэмжээтэй халдаг хаш чулуун материалтай ханын зургийг иргэд ихээр сонирхож байв. 4 ханатай жижиг гэрт 2-4 ширхэг 40х50 хэмжээтэй ханын зураг суурилуулбал бүтэн өдрийн турш гал түлэхгүйгээр гэрээ дулаахан байлгах боломтой гэнэ. Мөн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүүтэй сонирхож байлаа. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Харин жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.
Уг үзэсгэлэнг үзэж сонирхсныхоо дараа Ерөнхий сайд, хотын дарга болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн А.Хосбаяр, 27 дугаар хорооны иргэн Ц.Донжив нарынд очсон юм. Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд иргэн Ц.Донживынд төслийн зуух, А.Хосбаярынд шалны халаалт суурилуулжээ. Өрхийн тэргүүнүүд төрөөс хэрэгжүүлж буй төсөлд хамрагдсандаа баяртай байгаагаа илэрхийлээд өөрсөдтэй нь адил утаа гаргахгүй амьдрахыг иргэдэд уриалж байлаа.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Хосбаярын Билгүүн “Манайх өмнө нь нам даралтын зуухтай байсан. Тэр үед өдөрт 3 шуудай нүүрс түлдэг байлаа. Галлагаагаа зогсоовол паарнууд маань хөлдөх учраас өдөрт заавал гал түлэх шаардлагатай байдаг. Харин 2011 онд шалнаасаа халаадаг төхөөрөмжийн талаар сонсоод энэ төсөлд хамрагдсан. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд байрны айлаас дутахааргүй амьдарч байна. Цахилгааны төлбөрийн хувьд боломжийн гардаг. Хэрэгцээтэй үедээ халаагуураа ажиллуулаад, гэрт хүн байхгүй үед халаалтын төхөөрөмжөө унтраачихдаг. Тиймээс цахилгааны хувьд ч хэмнэлттэй байдаг. Хамгийн ихдээ нэг сард 130 мянган төгрөгийн төлбөр төлж байсан. Энгийн үед 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Харин одоогоор цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн учраас энэ төхөөрөмжийг хэрэглэхэд боломжийн боллоо. Тиймээс манайхтай ижил гэр хороололд амьдарч буй иргэд маань үүнийг хэрэглэхийг хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 09
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийг хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран иргэд, олон нийтэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг сурталчилж, гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 30 хоногийн хугацаанд явуулахаар боллоо.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулна.
1. Гэр хорооллын хороодын Засаг дарга болон холбогдох албан тушаалтан, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хамтран сургалт зохион байгуулах
2. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран дэс дараатай арга хэмжээг авах
3. Иргэд, олон нийтэд хэрэглээний цахилгаан тоног төхөөрөмж, бусад цахилгаан хэрэгслийг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу ашиглах, хэрэглэх болон гэр, байшингийн цахилгааны монтажны угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэх, стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах
4. Цахилгаан ашиглалт, угсралтын дүрэм зөрчигдсөнөөс үүдэн гарах гал түймрийн шалтгаан, нөхцлийн талаар болон цахилгааны ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, богино холболт, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гарч буй гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах
6. Гэр хороололд байршилтай худалдааны төв, зах болон хороод, гудамж, талбайд шуурхай албаны автомашины чанга яригч хэрэгслээр гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг өгч, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлгийн материалыг тарааж, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэж НОБГ-аас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 09
МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү тушаал гаргаж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шинэ жилийн бэлэгний чанарт анхаарах арга хэмжээ авах үүрэг өгсөн.
-
2017 оны 1 сарын 09
Налайх дүүрэгт хөл хорио тогтоолоо
-
2017 оны 1 сарын 09
Өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2017 оны 1 сарын 09
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өнөөдрөөс эхлэн энэ сарын 12-ныг хүртэл онц байдал зарлажээ.
-
2017 оны 1 сарын 09
НИТХ дахь АН-ын бүлгээс “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулах” асуудлаар НИТХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа.
-
2017 оны 1 сарын 09
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар зарим шүүхийн тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, томиллоо.
-
2017 оны 1 сарын 09
2017 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.