-
2017 оны 1 сарын 31
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл”-ийн гишүүдтэй өнөөдөр уулзлаа. Уг зөвлөлд 1992 оноос хойш НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлага багтсан байна. Өнөөдрийн уулзалтаараа зөвлөлийн даргаа сонгосон юм. “Зөвлөх зөвлөл”-ийг 1996-2000 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Баасанжав даргалахаар болов.
“Зөвлөх зөвлөл”-ийн дарга Ц.Баасанжав “Ахмад хүний үнэ цэнэ гэж байдаг. Яагаад үнэ цэнэтэй вэ гэхээр ахмадууд түүхийн амьд гэрч учраас. Тиймээс Монгол төрийн өнөөгийн удирдлагууд ахмадынхаа үгийг сонсч, тэдний ухааныг ашиглаж, саналыг нь сонсох зорилготойгоор “Зөвлөх зөвлөл”-ийг байгуулж байна. Хэрвээ ахмадуудад ач холбогдол өгөхгүй бол ер нь ямар ч улсад түүх бүдгэрч, гуйвж, үнэнээр бичигддэггүй. Энэ утгаараа ямар ч салбарт ахмадуудыг хүндэтгэж, үгийн сонсох хэрэгтэй. Миний хувьд Улаанбаатар хотын түүхийн 1960 оноос хойшхи үйл явдлыг мэднэ. Одоо 80-90 настай хүмүүс гэдэг Монгол Улсынхаа 80 гаруй жилийн түүхийг мэднэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр залуу хойч үе бол ахмадуудаа амьд сэрүүн байхад нь яг өөрөөс нь өнгөрсөн түүх ямар байсныг асууж үлдэх хэрэгтэй. Би хамгийн түрүүнд энэ утгаар нь ойлгож зөвлөлд орсон. Энэ бол хариуцлагатай ажил. Нийслэлийн эрхзүйн байдлын шинэчлэлээс эхлээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудал цөөнгүй байна. Бид энэ бүгдэд өөрсдийн дуу хоолой, мэдлэг оюунаа зориулах болно” хэмээсэн юм.
НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл” өнөөдрийн хурлаараа энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Тэд энэ онд НИТХ-ын Тэргүүлэгчидтэй уулзаж сургалт зохион байгуулах, тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлаар зөвлөмж өгөх, гаргасан нийтлэг шийдвэрийг сурталчлах, биелэлтэд хяналт шинжилгээ хийх, Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төр сүм хийдийн хугацааны тухай хуулийн талаар хэлэлуүүлэг, ярилцлага зохион байгуулж, санал өгөх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж чиглэл өгөх аж. Түүнчлэн “Зөвлөх зөвлөл” нь “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг ажил хэрэг болгоход ИТХ, түүний Тэргүүлэгчид, хороод, ажлын албаны хүмүүст зөвлөгөө өгөх, зарим ажлыг санаачлан зохион байгуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц хайхад дэмжлэг үзүүлэх зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 31
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 32 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 250 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1 байна. Тухайлбал: БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, Шилэн соёмбо ХХК-ны зүүн замд N.Vanette маркийн авто машины жолооч Д нь H.Avante маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн. Жолооч М нь согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
Орон нутагт: Архангай аймгийн Их тамир сумын нутаг Таван тээг гэх газрын асфальтан замд T.Landcruiser маркийн Н жолоочтой авто машин онхолдож 49 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирч 3 хүн гэмтсэн. Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар улирлын амралт дуусч хичээл сургууль эхлэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцогч тэр дундаа хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хараа хяналт, асран хамгаалагчгүй, буруу тээвэрлэлтээс шалтгаалан хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Өчигдөр хүүхэдтэй холбоотой зам тээврийн 3 осол бүртгэгдсэн байна.
БЗД-ийн нутаг Нянтайсүрэнгийн гудамж, БХИС-ийн баруун замд H.Accent маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 08 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн.
Хүүхдийг гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх,тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэхэд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамгийн чухал байдаг. 0-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулах, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж зааварлах, зөв үлгэр дуурайлалыг үзүүлдэг байх, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь хэрэглэж хэвшин аюулгүй байдлыг нь хангаж оролцуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
-
2017 оны 1 сарын 31
2016 онд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр Их тойруугийн гудамж буюу “Баянбүрдийн зам”-д зам тээврийн ослын улмаас 2 явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн байна.
Дээрх замд автобусны буудал орчимд иргэд зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гардаггүйн улмаас зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг тул тус хэлтэс Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай хамтран Баянбүрдийн тойгоос зүүн тийш 150 м-т замын голоор хайс байрлуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
ЯВГАН ЗОРЧИГЧИД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО:
а/явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;
в/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;
г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.
-
2017 оны 1 сарын 31
Нэн ховор амьтны тоонд зүй ёсоор багтсан бөхөн гөрөөсний эврийг хууль бусаар тээвэрлэж явсан Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат Э гэгчийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Сэжигтэн Э 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан нь илэрсэн бөгөөд түүний уг үйлдэлд Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.
Тэгвэл сэжигтэн Э дээрх эврийг гоц халдварт өвчнөөр үхэж, газарт булсан бөхөнгийн эврийг ухаж авсан байж болзошгүй аж. Саяхан мялзан өвчин дэгдэж олон тооны бөхөн үхэж байгаа талаар мэргэжлийн байгууллагынхан мэдээлсэн. Тэд ном журмын дагуу үхсэн бөхөнг усгтаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа хэмээсэн боловч эвэртэй нь булсан байна. Учир нь холбогдох байгууллагын мэргэжилтнүүд бөхөнгийн сэг зэмийг устгахдаа эврийг нь тусгай хяналттайгаар авч хадгалах талаар санал гаргаж байсан ч Онцгой комиссынхон тоогоогүй юм байна.
-
2017 оны 1 сарын 31
Нийслэлийн удирдлагууд нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлажээ. Өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 02-нд буюу пүрэв гарагт болох бөгөөд намын харъяалал харгалзахгүй нээлттэй ил тод болох гэнэ.
Гол нь залууст гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн байх шаардлагыг тавьж байгаа аж. Энэ талаар өнөөдөр 13.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хотын удирдлагууд мэдээлэл хийх юм байна.
-
2017 оны 1 сарын 31
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, ӨЭМТ-ийн дарга нартай гэрээ байгууллаа
-
2017 оны 1 сарын 31
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллага боллоо
-
2017 оны 1 сарын 31
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба 2018-2020 оны Fulbright Student Fellowship хөтөлбөрт өргөдөл хүлээж авч эхэлжээ. Олон улсад алдартай уг хөтөлбөр тэтгэлэгт шалгарсан хүний суралцах хугацаан дахь бүх төлбөрийг бүрэн хариуцдаг.
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:
-Монгол Улсын иргэн байх.Монгол Улсад амьдардаг байх
-Бакалавр, түүнтэй дүйх зэрэгтэй байх
-Багадаа 1.5 жил ажилласан туршлагатай байх
-Англи хэлний шалгалтын оноотой байх. Хамгийн багадаа IBT-90, PBT/IPT-575, IELTS-7.00 оноо авсан байх зэрэг шаардлагуудтай.
Сонгон суралцах боломжтой мэргэжлүүд:
-Урлаг, урлагийн менежмент
-Биологи
-Бизнес
-Харилцаа
-Эдийн засаг
-Инженер
-Англи хэл
-Жендер, эмэгтэйчүүдийн судлал
-Түүх
-Олон улсын харилцаа
-Сэтгүүл зүй
-Хууль
-Утга зохиол
-Сэтгэл судлал
-Олон нийтийн удирдлага
-Улс төрийн шинжлэх ухаан
-TESOL
-Театр
-Хот төлөвлөлт
-Малын эмч
Дээр дурдаагүй мэргэжлээр сурахыг хүсч буй бол IBT-80, PBT/IPT-550, IELTS-6.5 оноо багадаа авсан байх шаардлагатай. Англи хэлний шалгалтын онооны хавсралтгүйгээр уг тэтгэлгийн өргөдөл хүчингүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягтыг бүрэн бөглөсөн эсэхээ сайтар шалгах хэрэгтэй ба бичиг баримтынхаа эх хувийг хавсаргахгүй. Таны илгээсэн бичиг баримт, мэдээлэл бүхий өргөдлийг буцаахгүй юм.
Өргөдөлд шаардагдах зүйлс:
1,Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3x4 харьцаатай цээж зураг
2,Академик болон мэргэжлийн чадварыг тань үнэлсэн хоёр хүний тодорхойлолт захидал-Уг захидал нь англи хэлээр бичигдсэн байх шаардлагатай.
-Эсвэл захиагаа баталгаат орчуулгын газраар орчуулуулан хавсаргасан байхыг шаардана.
-Захиаг цахим шуудангаар хүлээж авахгүй. Гэхдээ тодорхойлолт захиа гаргаж буй хүн нь гадаадад байгаа тохиолдолд цахим шуудангаар хүлээж авч болох ба энэ тохиолдолд Adobe (.pdf) өргөтгөлтэй байх ёстой. Захианд ажлын газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг багтана.
3. Эссэ бичих
-1-2 хуудаст багтаан англи хэл дээр эссэ бичих. Үүнд:
-Яагаад АНУ-д сурах хүсэлтэй буйгаа,
-Суралцсаныхаа дараа юу хийхээр төлөвлөж буй тухайгаа бичнэ.
4. Их сургууль төгссөн дипломны баталгаажуулсан хуулбарыг албан ёсны орчуулгын хамтаар хавсаргах
5. Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар (Багадаа 1.5 жил нийгмийн даатгал төлсөн байх)
6. IBT, TOEFL, IELTS-ийн албан ёсны онооны баталгаат хуулбар
Анхаарах зүйлс:
-Өргөдөлд дурдагдсан бүх асуултад хариулах. Хариулт бичихгүй хэсгээ хоосон орхиж болохгүй. Хариулахгүй тохиолдолд N/A тэмдэглэгээ тавих хэрэгтэй.
-Бүх асуултад үнэн зөв хариулах. Эссэгээ өөрийн ажлын туршлага, үзэл бодолдоо тулгуурлан өөрийн бодлоор бичих.Хэн нэгний хэлсэн үгийг ашиглах тохиолдолд заавал тухайн хүний нэр, эх сурвалжийг дурдана. Худал мэдээлэл дурдсан, хэн нэгний материалыг ашигласан тохиолдолд тухайн өргөдлийг шууд хүчингүй болгоно.
-Зөвхөн дурдсан материалуудыг бүрдүүлэх. Нэмэлт материал хавсаргах шаардлагагүй.
Өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа: 2017.03.27
-
2017 оны 1 сарын 31
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь 2017/18 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Уг сонгон шалгаруулалтанд Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүд оролцох эрхтэй.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат:
2016 оны 12-р сарын 1-ээс 2017 оны 3-р сарын 18-ийг хүртэл-оросын боловсролын байгууллагуудад суралцах хүсэлтэй гадаадын иргэдийг http://russia.study/ цахим мэдээллийн системд заавал бүртгэх.
Орос Улсад суралцах хүсэлтэй горилогч бие даан http://russia.study/ цахим мэдээллийн системд бүртгүүлэх ёстой. Шалгаруулалтанд орохын тулд систем дахь анкетыг бөглөх шаардлагатай.
Үүний тулд дараах сканирдсан баримт бичгийг чанпртай сканидарч (бүх хуудас, бүлгүүд тод унших боломжтой байх) хавсралтаар оруулах. Үүнд:
1. Гэрэл зураг
2. Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт (байгаа бол)-ын скан хуулбар. Паспортын хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад орж ирснээс хойш 18 сараас доошгүй байх ёстой.
3. Орос хэлэнд хөрвүүлсэн боловсролын гэрчилгээний хуулбар. Үүнд:
бүрэн дунд боловсролын аттестат (сургууль төгссөн горилгчдын хувьд);
бакалаврын диплом (магистрт элсэх горилгчдын хувьд) ;
магистрын диплом (аспирантурт элсэх горилгчдын хувьд).
4. Төгсөх ангийн горилгчдын хувьд захиралын гарын үсэг бүхий сурлагын дүн (12-р ангийн 1-р хагас жилийн дүн)-г хавсрагах
5. Бакалаврын сүүлчийн курст суралцаж байгаа горилгчдын хувьд анкетанд их дээд сургуулийн ректорын гарын үсэг бүхий сурлагын дүнг хавсрагах.
6. 1, 2-р курсын оюутнуудын хувьд анкетанд сургалт хариуцсан хэлтсийн тамгаар баталгаажуулсан сурлагын тодорхойлолт (дундаж балл 2,8-аас доошгүй байх) болон бүрэн дунд боловсролын аттестатын хуулбарыг хавсрагах.
7. Оросын их, дээд сургуулиудын бэлтгэл ангид гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын хувьд- орос хэл, зонхилох хичээлийн дүнг харуулсан 1-р семестрийн сурлагын тодорхойлолт (суралцах чиглэлээр нь: хүмүүнлэгийн, техникийн, анагаах ухааны, эдийн засгийн гэх мэт) болон бүрэн дунд боловсролын аттестатын хуулбарыг хавсрагах.
8. Аспирантын хөтөлбөрөөр элсэж байгаа горилогчийн хувьд:
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт бөгөөд бүртгэлийн яг энэ шатанд суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат хавсрагах.
9. Орос хэлний Улсын олимпиад хийгээд математик, химийн улсын/бүх монголын олимпиадын ялагчид гэрчилгээний хуулбарыг хавсрагах.
Бүх баримт бичгийг орос хэлэнд хөрвүүлсэн байх ёстой.
Суралцах чиглэл (мэргэжил)-ийн тухай мэдээлэлийг http://russia-edu.ru сайтад байршуулсан болно.
Хавсрагасан бүх баримт бичиг нь тухайн горилгчийн портфолиог бүрдүүлнэ.
Горилгчдын сонголтыг портфолио шалгаруулалтыг үндэслэн явуулна. Орос хэл, математик, химийн бүс, улсын олимпиадын ялагчид хийгээд боловсролын гэрчилгээндээ хамгийн өндөр дүнтэй горилгчид давуу эрх эдлэнэ. Инженер техникийн болон химийн мэргэжлээр элсэх, адилхан дундаж баллтай горилгчид математик, химийн шалгалтанд орно. Мөн эдгээр шалгалтаа амжилттай өгсөн горилгчид орос хэлний ярилцлаганд орно. Хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжлээр элсэх, адилхан дундаж баллтай горилгчид орос хэлний /аман/ шалгалтанд орно.
II. Сонгон шалгаруулалтанд оролцох.
Сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 3-р сарын 16-18 өдрүүдэд ажиллах Оросын боловсролын үзэсгэлэнгийн дараа явуулна.
Сонгон шалгаруулалтыг явуулах хугацаа ойролцоогоор 2017 оны 3-р сарын 20-25 өдрүүд байх болв уу.
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шат:
2017 оны 4-р сарын 01-ээс 8-р сарын 15 хүртэл явагдна.
Баримт бичгийг Холбооны Россотрудничество агентлаг, Оросын Холбооны Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хийгээд гадаадын иргэдийг суралцуулах сонирхолтой их дээд сургуулиудад хэлэлцэх.
-
2017 оны 1 сарын 31
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан ”Хоггүй Налайх дүүрэг” аяны хүрээнд Налайх Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ээс хог тээврийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хог тээврийн үйлчилгээнд GPS төхөөрөмж ашиглаж эхлээд байна.
Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа болон хог тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх хотын Захирагчийн ажлын албаны Нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхтөр, Нийтийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Назангүль болон хороодын Засаг дарга нар газар дээр нь очиж танилцлаа.
Гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан ”Хоггүй өрх - Хотын өнгө” зорилтот ажлын хүрээнд хог цэвэрлэгээний ажлыг хуваарийн дагуу эрчимтэй зохион байгуулж байна.Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас хороодын Засаг дарга нартай хог тээврийн үйлчилгээ, хяналтын тогтолцоо, сар шинийн баяраар эрчимжүүлсэн хуваарийн дагуу тээвэрлэлт хийх талаар санал солилцлоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 31
2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9,8 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 45,3 хувиар өссөн байна.
01-31
Нийслэл хотод нийт 210 удаагийн гал түймэр гарч, 0,37 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 106 удаагийн гал түймэр гарч, 1,3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 1712 байгууллага, аж ахуйн нэгж, 9268 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 8632 зөрчил дутагдал илрүүлэн, 2761 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 448 заавал биелүүлэх албан шаардлага, 491 мэдэгдэл, 34 танилцуулга, 111 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 17 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 14,0 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 169 удаа, дадлага 97 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 112 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Объектын гал түймрийн талаар:
Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах анги, гал түймрийн 339 дуудлага хүлээн авсанаас 212 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 203 удаа, 2 тасгийн хүчээр 9 удаа, үүнээс 146 гал түймрийг 30 минутанд, 24 гал түймрийг 30-60 минутанд, 41 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 620.3 тн ус, 210 л хөөс, 8383.7 литр шатахуун зарцуулж, 181 эрдэнэт хүний амь бие, 57 барилга, байшинг авран хамгаалсан байна.
Ой хээрийн түймрийн талаар: Дуудлага ирээгүй.
Гамшиг, ослын талаар:
Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 35 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 191 албан хаагчийн бүрэлдэхүүн, 33 автомашинтай гарч гамшгийн голомтод 192 цагийн үүрэг гүйцэтгэж, 1008 литр шатахуун зарцуулж, 65 хүний амь насыг авран хамгаалсан байна.
Шүүлэг авсан талаар:
Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 2, салааны тархалтын сургууль 196, өдөр тутмын дасгал сургууль 1677, мэргэжлийн чиглэлээр 392, албаны чиглэлээр 205 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 26.159 хүнийг хамруулсан байна.
Гал унтраах шуурхай төлөвлөгөө 148, шуурхай карт 159-д баяжилт хийн тодотгож гал унтраах дасгалын нормчлолоор /давхардсан тоогоор/ онц 581, сайн 766 дунд 389, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 544, сайн 722, дунд 473, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 476, сайн 720, дунд 511, гал унтраах дүрмээр онц 589 сайн 676, дунд 471 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
Ажил дүгнэсэн дүнгийн талаар:
Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах аврах нийт 54 гал унтраах ангиас 2017 оны 01 дүгээр сард ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн 17 ангид “А”, 37 ангид “В” үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаа.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР
-
2017 оны 1 сарын 31
DMNN
Page Liked · 7 hrs · Edited ·
#ХҮНИЙ АМЬ
Өнөө цагийн баатрууд гэдэг чинь жинхэнэ энэ хэд маань. 8 жилийн ял авах, 80 саяын төлбөр төлөх дэнчин тавьж хүний амь аварч байна даа. Даанч харамсалтай нь ингэлээ гээд нэг ч гавъяа өгөх биш.
Дахиад нэг тэмдэглэгдэхгүй үлдэх эгэл жишээ ХӨВСГӨЛ аймаг.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана гэдэг нутагт хаваржиж байгаа жирэмсэн эх умайн гадуурх жирэмслэлтийн улмаас 4700 мл цус алдаж, биеийн байдал хүнд, шокийн байдалтай байхад нь АНЭ-ийн хагалгааны баг цаг алдалгүй түргэн шуурхай очиж, хэвийн бус нөхцөлд хагалгаа хийж, эхийн амь насыг аварсан байна.
Хагалгааны багт ажилласан ЭБЭ-ийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, ЭБЭ-ийн эмч Цэеэнрэгзэн, МЭЭ-ийн их эмч Л.Алтанзул, хагалгааны сувилагч Мөнх-Ундрах, унтуулгын сувилагч Анхтуяа, Жолооч Мөнххүү нартаа хүний амь аварсанд баяр хүргэе!
-
2017 оны 1 сарын 31
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай.
Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн хугацаа маргааш дуусах учраас 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлөх ёстой юм. Ирэх сард 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлнө.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 30
“Ногоон титэм” лабораторийн хамт олон ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаагийн алба хаагч агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ.
Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа нь тогтоогджээ.
Иймд Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор “Мөнхийн цагаан жим” ХХК-тай хамтран 3000 ширхэг амны хаалтыг гудамж замд үүрэг гүйцэтгэж байгаа 380 алба хаагч нарт олголоо.
Тус амны хаалт нь ТПМ 2,5 стандарт, шаардлагын дагуу хийгдсэн, агаарын бохирдолоос хамааран 1 удаагийн шүүлтүүр нь 48-72 цаг хүртэл хугацаагаар ашиглах боломжтой юм.
-
2017 оны 1 сарын 30
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хийх энэ оны анхны зөвлөлдөх уулзалтаа өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Уулзалтад 30 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож хотын хөгжилд залуусын оролцооны талаар санал бодлоо солилцон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм. Тус уулзалтад оролцогсод санал бодлоо нэгтгэн сар бүр уриалга гаргаж аян өрнүүлж байхаар тогтлоо. Тодруулбал энэ сарыг “Залуучууд ба их хотын соёл” гэсэн уриан дор аян өрнүүлэх аж. Харин хоёрдугаар сарыг “Залуучууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сар” болгон зарлахаар тохиролцов. Тус байгууллагаас сар бүр уриалга гарган Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Уулзалтын эхэнд “Залуучуудын дуу хоолойг төрд уламжлах, төрийн бодлогод тусгаж ажил хэрэг болгох замаар хотын хөгжлийг урагшлуулна” хэмээн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир онцоллоо. Тэрбээр “Залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2016 онд манай газар байгуулагдсан. Бид нийгмийг цогцлоох залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, их хотын соёлч иргэний хандлагыг төлөвшүүлэхээр маш олон ажил хийхээр төлөвлөж эхний уулзалтаа хийж буй нь энэ юм. Залуучууд өнөөдөр үүнийг хийгээд өгөөч гэж төр засгаас гуйж суухын оронд гар бие оролцон эерэг нийгмийг бүтээхийн төлөө эрмэлзэх ёстой. Тиймээс цахим ертөнцийг түлхүү ашиглан залуусын сэтгэлгээг өөрчилж “Миний Улаанбаатар-Миний гэр” гэсэн хандлагыг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Өнөөдөр Төрийн бус байгууллагуудын залуучуудтайгаа хамтран ажиллах талаар ярилцаж, 2017 онд хийх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Залуус бидний зорилго нэг учраас хамтын ажиллагаагаа илүү үр бүтээлтэй болгох үүднээс энэ уулзалтыг сар бүр уламжлал болгон зохион байгуулна” хэмээв.
Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад 3 сар болжээ. Тус газар нь зөвхөн дотооддоо үйл ажиллагаагаа чиглүүлэхгүй бөгөөд гадаадад сурч, ажиллаж буй залуучуудаа дэмжих, тэдэнтэй хамтрах зорилгоор ”Бидний хайртай эх орон” аян зохион байгуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалахаар ажиллаж буйгаа дуулгалаа гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 30
Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харумафүжи аваргын зурсан зураг 100000 ам.доллараар зарагджээ. Тэрбээр энэ талаар сүмогийн 68 дахь аварга Асашёорюү ”Харумафужи аваргын зурсан зураг нэг нь 100000$ зарагдсан байна гэнэ шүү!! Bravo” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харумафүжи, зураач Заяасайхантай хамтран уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан удаатай. Харумафүжи аварга тухайн үед зурсан зурагнуудаа дуудлага худалдаагаар зарна гэсэн бөгөөд бүтээлээс олсон мөнгөө Монгол дахь хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд зарцуулна гэж байсан юм.
-
2017 оны 1 сарын 30
Хил дээрх зөрчил 2015 онд нийт 4377 зөрчил бүртгэгдсэн бол 2016 онд 4727-оор нэмэгдсэн гэх үзүүлэлттэй байна. Зөрчлөөр нь аваад үзвэл, хууль бусаар хил нэвтрэхийг завдсан 131 тохиолдол гарсан бол 5000 гаруй хүний баримт бичгийн зөрчлийг илрүүлж, хил нэвтрэхийг түдгэлзүүлжээ.
Тоо үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хил нэвтэрсэн зорчигч 11.8 хувь, тээврийн хэрэгсэл 29.4 хувь, хууль бусаар хил нэвтрэхийг завдсан зөрчил 36.5 хувь, баримт бичгийн зөрчил 7.9 хувиар тус тус өсчээ.
-
2017 оны 1 сарын 30
НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Нийслэлийн 216 цэцэрлэгийн анги бүрт 1 ангийг тохижуулж хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, номоор хангаж, эцэг эхчүүдэд лекц унших ажлаа ХУД-ын 209-р цэцэрлэг дээрээс эхэллээ.
Хүүхдээ багаас нь хөгжүүлэх нь ямар чухал болох талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал ХУД-ын 209-р цэцэрлэгийн эцэг эхчүүдэд лекц уншлаа. Тэрээр Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн чанар, үр дүнг сургуулийн өмнөх боловсролтой шууд хамааралтай гэж үзэж байгаа учраас цэцэрлэгүүдийн сургалтын материаллаг бааз, хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон тоглоом, багш нарын гарын авлага, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материалд хангалттай төсвийг хуваарилаж, эцэг эхчүүдийг нь энэ ажилд сайн дураар идэвхийлэн оролцохыг уриалж байгаа юм.
Хүүхэд төрөхдөө 100 сая гаруй мэдрэлийн эстэй төрж, секунд дутамд 700-1000 шинэ эс, холбоос үүсч байдаг. 0-5 насанд хүүхдийн тархины бүтцийн хөгжлийн 85% орчим бүрэлдэж тогтдог. Хүүхэд 3 нас хүрэхэд хүүхдийн тархины мэдрэлийн эсийн холбоос ойролцоогоор 1 000 их наяд буюу насанд хүрсэн хүмүүсийнхээс 2 дахин илүү их мэдрэлийн эсийн холбоос үүссэн байдаг.
Сүүлийн 20 гаруй жил сургуулийн өмнөх боловсрол, түүний ач холбогдлын талаар өргөн хэмжээний судалгаа хийгдэж, Дэлхийн олон улс гүрнүүд сургуулийн өмнөх боловсролын ач холбогдлыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, СӨБ-д хамгийн их хөрөнгө оруулалтыг оруулдаг болжээ. Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкман сургуулийн өмнөх боловсролын эдийн засгийн үр дүнг тооцож, 0-6 насанд хүүхдийн боловсролд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт 13 дахин үр ашигтай байдаг гэдгийн баталсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 30
МУИС-ийн оюутнууд өнөөдөр 14.00 цагт сургуулийнхаа гадна талбайд жагсаал зохион байгууллаа. Тус сургууль сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж авдаг байна. Энэ суурь хураамжийг бакалаврын түвшний оюутан жилд 224 мянган төгрөг, магистр, доктороор суралцаж буй оюутан 336 мянган төгрөг төлдөг тухай тус сургуулийн оюутнууд ярилаа.
Тэрбээр, энэхүү суурь хураамж оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүдлэхэд зарцуулагдах ёстой байтал сургууль дээрх нам дагасан бүлэглэлүүдийн тансаглал гадаад дотоод аялал зугаалганд зориулагддаг хэмээн суурь хураамжийг зогсоохыг шаардаж байна гэв.
Монгол Улсын их сургуулийн оюутнууд суурь хураамжаа төлсөн тохиолдолд хичээл сонголтоо хийх нөхцөл бүрддэг байна.
-
2017 оны 1 сарын 30
Саяхан Хятадын Жилин мужийн монгол үндэстэн, зохиолч Бао Гуанлиний бичсэн ”XX зууны Хятадын монгол эрдэмтэн-Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи” хэмээх номыг БНХАУ-ын Үндэстний хэвлэлийн хороо хэвлэн тараасан нь эрдэмтэн судлаач, уншигч түмний талархлыг хүлээж байна. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Бао Шэнли ”Гуан Мин Ри Бао” сонинд тус номын тухай бичсэн шүүмжээ нийтэлж, ”Энэ номын зохиогч бол өргөн мэдлэгтэй хүн. Ердөө ганц жишээ татахад, 1955 оноос эхэлсэн Энгельсийн ярианы тухай философийн хоёр дахь маргаан дөрвөн жил гаруй үргэлжилж, хэн хэнийхээ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байхад Бао Гуанлинь гуай хэлний зүйн судалгаа, логик тайлбарын аргаар үнэмшилтэй дүгнэлт хийж, Ай Сичигийн үзэл баримтлалыг дэмжсэн юм” хэмээн тэмдэглэлээ.
Саяхан миний бие ”XX зууны Хятадын монгол эрдэмтэн-Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи” хэмээх номын зохиогч Бао Гуанлинь гуайтай уулзаж, зохиогчийн нутаг ус, түүх намтар, тэрхүү номыг туурвисан үйл явцын тухай хууч хөөрөн, энэ номын тухай судлаачдын санал бодлыг сонссон байна. 300 гаруй мянган ханзтай тус номонд Хятадад төрж өссөн дөрвөн монгол эрдэмтний түүх намтар, эрдэм шинжилгээний бүтээл, Хятад улс болон хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хүчин зүтгэл, хувь нэмрийг дэлгэрэнгүй танилцуулжээ. Зохиогч Бао Гуанлинь арав гаруй жилийн хугацаа зарцуулж, маш олон сурвалж, материал ашиглан, агуулгыг бүрэн гүйцэд эш баримттай бичсэн юм. Энэ номонд тэр дөрвөн эрдэмтний шинжлэх ухааны төлөө гаргасан гавьяа зүтгэлийг өгүүлснээс гадна шударга ёсны төлөө тууштай тэмцдэг монгол хүний эр зориг, цагаан цайлган зан чанарыг товойлгон үзүүлжээ. Судлаачид тус номыг эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ач холбогдлоос гадна хэл найруулгын хувьд гойд уран тансаг болсон хэмээн өндрөөр үнэлж байна.
Яагаад энэ дөрвөн хүнийг сонгосон тухайгаа Бао Гуанлинь гуай: Манай монгол эрдэмтэд энэ дөрвөн хүнээр зогсохгүй, маш олон байгаа. Миний сонгосон энэ дөрвөн хүн бол хамгийн нөлөөтэй эрдэмтэд, манай улс үндэстний хөгжилд их хувь нэмэр оруулсан төлөөлөгчид юм. Энэ дөрвөн хүн эрдэм шинжилгээний талаар өндөр амжилт гаргасан, дэлхий дахинд алдартай судлаачид мөн. Хамгийн гол нь тэдний зан чанар, эр зориг нь үр хойчид үлгэр жишээ болно” гэжээ.
Энэ номонд бичсэн Ли Сигуан бол геологи, боловсрол судлал, дуу хөгжим, нийгмийн ухааны эрдэмтэн юм. Тэр Хятадын геологийн шинжлэх ухааны тулгын чулууг тавьж, БНХАУ-ын Геологийн яамны сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байлаа. Ли Сугуан гуай 1971 онд 82 настайдаа өөд болжээ. Хятадын шуудангийн салбар түүний зурагтай дурсгалын марк гаргаж, их дээд сургуулиудад хөшөөг нь босгож, музей байгуулах зэргээр түүний гавьяа зүтгэлийг үнэлжээ. 2009 онд түүнийг Хятад улс байгуулагдсанаас хойших шилдэг 100 хүний нэг, Монгол үндэстний арван том эрдэмтний нэгээр тодруулж, Олон улсын сансар судлалын холбоо шинээр олдсон нэг гарагийг ”Ли Сигуан гараг” хэмээн нэрлэжээ.
Лян Шүмин бол Хятад улсын орчин үеийн Күнзийн ухааныг үндэслэгч юм. Тэр уламжлалт соёлын өвийг хамгаалах санаачилга гаргаж, хуулиар засаглах зэрэг санал дэвшүүлэн, шударга ёсыг сахиж, шаргуу тэмцсэн хүн юм. Шяо Чянь бол алдарт сэтгүүлч, уран зохиолч, орчуулагч хүн юм. Тэр олон төрлийн хэдэн зуун уран бүтээл туурвисан төдийгүй Жеймс Жойсын ”Үлисс” зэрэг дэлхийд алдартай олон зохиолыг хятад хэлээр орчуулсан соён гэгээрүүлэгч хүн. Харин Ай Сичи бол философи, боловсрол судлал, нийгэм судлалын эрдэмтэн хүн байлаа. Түүнийг 1966 онд 56 настайдаа өөд болоход нь Хятад улсын дарга Мао Зэдүн ”ХКН-ын онолын фронтын үнэнч дайчин” хэмээн үнэлжээ. Тэр БНХАУ-ын намын дээд сургуулийн философи судлалын албаны дарга бөгөөд орлогч захирлаар ажиллаж байсан юм.
”Энэ номонд бичсэн дөрвөн хүн бүгдээрээ монгол үндэстэн. Би монгол хүн болж төрсний хувьд тэдний түүх намтрыг илүү их сонирхон уншдаг байлаа. Ялангуяа тэдний үнэнч шударга зан чанар, эр зоригийг бахархаж, хүүхэд залууст танилцуулахыг зорьж арваад жил хичээн зүтгэсний эцэст энэ номыг бичиж дуусгасан” хэмээн Бао Гуанлинь гуай ярьсан юм.
Бээжингийн их сургуулийн багш, профессор Дулаан: ”XX зууны монгол дөрвөн эрдэмтний тухай энэхүү тэмдэглэлд түүхэн сурвалж, материалыг өргөнөөр ашиглан, бодит байдлыг нээн харуулж, монгол үндэстний энэ дөрвөн эрдэмтэнд нийтлэг байсан үндэстнийхээ төлөө гэсэн сэтгэлийг гүн гүнзгий харуулсан” хэмээн үнэлжээ.
Хятад төдийгүй дэлхий дахины хөгжлийн түүхэнд шилдэг бүтээл туурвин, амжилт гаргасан эдгээр монгол эрдэмтний намтар түүх, зүтгэж явсан үйл хэрэг нь шинжлэх ухаан, философи, уран зохиол, мэдээ мэдээлэл зэрэг олон салбартай нягт холбоотой. Бао Гуанлинь гуай түүхийн маш олон эх сурвалж, материал ашиглан, бүтээлээ туурвисан учраас энэ номыг бүрэн уншихад тэдний амьдарч асан цаг үеийн түүхийг уншсантай адил хэмээн судлаачид үнэлж байна.
Төвийн үндэстний их сургуулийн профессор Мөү Жүнжянь: ”Энэ номонд маш их сурвалж материал ашиглан, нөр их хүч хөдөлмөр оруулсан нь тодорхой байна. Олон сайхан үйл явдлын тухай бичсэн нь их сонирхолтой юм. Уран тансаг хэл найруулгаар, түүхэн үнэнийг баримталж, эр зоригтой дөрвөн эрдэмтний улс орноо хайрлах сэтгэлийг товойлгон гаргасан нь боловсрол нь ёс суртахууны хувьд үлгэр жишээ үүрэгтэй, түүхэн сурвалж адил үнэ цэнэтэй болсон” гэжээ.
Бао Гуанлинь 1940 онд Жилин мужийн монгол үндэстний өөртөө засах Өмнөд Горлос суманд төрсөн монгол үндсэнтэн юм. Нутгийнх нь тухай хууч хөөрөхөд ус нутгаараа бахархдаг монгол зангаараа ”Өмнөд Горлос бол Зоригт баатар Тогтохын нутаг юм. Тогтох баатар бол миний өвөөгийн дүү. Миний нутаг Өмнөд Горлос Монгол үндэстний өөртөө засах сум бол урт удаан жилийн түүхтэй, түүх соёлын баялаг өвтэй. Загас агнуур, газар тариалан, мал аж ахуйн соёл зэрэгцэн оршдог учраас соёлын нөөцөөр баялаг. Манай нутгаас олон алдартан төрж гарсан. Мөн монгол ардын дуу, хөгжим бүжиг, бөө мөргөлийн соёл зэрэг олон зүйл биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн” хэмээн ярьж байлаа.
Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Бао Шэнли ”Арваад жилийн хүч хөдөлмөрөө зарцуулан Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи нарыг олон түмэнд танилцуулсан Бао Гуанлинь гуай өөрөө ч гэсэн мохошгүй зоригт монгол эрдэмтэн мөн. Түүний хүсэл мөрөөдөл хүүхэд залуусын зүрх сэтгэлд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, эрдэмтэн судлаачдад үнэ цэнэтэй эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Бао Гуанлинь гуай үүнээс өмнө найрууллын хоёр ном хэвлүүлсэн бөгөөд түүний бичсэн ”Зоригт баатар Тогтох” хэмээх ном түүхийн үнэ цэнэтэй материал болж, гурвантаа хэвлэгдсэн байна.
ХОУР-гийн сэтгүүлч Сарантуяа
Эх сурвалж: mongol.cri.cn