
Өөрийнхөө ухаан санааг удирдаж чадахааргүй болсон этгээдүүд эцэст нь өөрийгөө ч бусдыг ч хохироож байна. Зарим хүмүүс найз нөхдөө уриалан дуудаж, буруу зүйлд уруу татаснаас болж түүнийг үхэл рүү нь илгээж, нөхдийнхөө амьдралыг баллаж байх юм.
Хэвлэл мэдээллээр гарч буй, эсвэл эргэн тойронд нь тохиолдож буй “гашуун” бүхнээс залуус нь сургамж аваач. Архинаас болж, мансуурлаас болж амьдрал дээр ямар аймшигтай зүйлс тохиолдож байгааг ажиглаж, ухамсарлаач залуус минь.
Хүний амьдралд мөнгө, ажил, нэр хүнд, зугаа цэнгэл гээд бүгд хэрэгцээ ч гэр бүл, хүний амь гэдэг хамгийн чухал. Магадгүй хүн өөрийн хамгийн хайртай хүнээ харамсалтайгаар алдаж, хагацлыг мэдрэх хүртлээ хүний амь гэдэг ямар үнэтэй цэнэтэй, ганцхан амьдрах амьдрал гэдэг ямар агуу гэдгийг ойлгодогүй ч байж мэдэх юм. Гэвч харамсалтай, аймшигтай, гунигтай бүхнийг мэдрэхээсээ өмнө аливаа муу зүйлсээс сэргийлэх хэрэгтэй байна.
Хэдхэн цагийн, хэдхэн өдрийн жаргал, зугаа цэнгэл, өөрийн хайхрамжгүй үйлдлээсээ болоод нэг насны амьдралаа битгий баллаач хүмүүс ээ.
Согтуурал ундаа, мансууруулах бодист битгий толгойгоо мэдүүлээч.
Ихэнх авто ослууд согтуу жолоочоос болж гарч байна. Хүн амины хэргийн дийлэнх хувийг согтуугаар үйлдэж байна. Танхай, дээрэм, хүчин, хулгай гээд бүхий л гэмт хэргийг үйлдэгчдийн цаана согтуурал, архины асуудал байсаар байгааг албаныхан ч хэлсээр, сэрэмжлүүлсээр байна.
Хэлж ирэхгүй, хийсч ирдэг гайг битгий өөртэй дуудаач гэдэг үүднээс цөөхөн хэдэн мөрийг холбож бичлээ.
Ухаантай хүмүүст сургамж, туршлага, харин үлдсэн хүмүүст нь тоглоом тохуу, амны зугаа болоод өнгөрөх нэгэн материалыг иш татан орууллаа.

24tsag.mn
Сэтгэгдэл (7)