
Эхний тоглолт “Увс Эрдэнэдрийлинг Ригс”, “Сүхбаатар SBL Хүлэгүүд” багуудын хооронд болсон. Эдгээр багууд ижилхэн долоон хожил, зургаан хожигдолтой явж байсан, Мөн ялсан баг нь плэй-оффын байранд бичигдэж, хожигдсон нь плэй-оффын гадна бичигдэж эхлэх учраас маш хариуцлагатай тоглолт болсон. Мөн энэ тоглолтонд “Эрдэнэдрийлинг Ригс” багийн 3 дахь легионер тоглогч Lavione West хүрэлцэн ирж, анхныхаа тоглолтонд оролцсон. Энэ жил 24 настай тэрээр, гурван номерын байрлалд тоглодог хэдий ч 2 м өндөртэй, Southwest Minnesota-гийн их сургуулиас тоглодог байжээ. Тэрээр энэ өдөр талбай дээр цөөхөн минутыг өнгөрүүлсэн ч, 16 оноо авч багаа тэргүүлсэн юм. Ригсчүүд багаараа тааруухан тоглож ердөө 79 оноо авсан.
Харин “SBL Хүлэгүүд” баг энэ тоглолтонд тун сайн бэлтгэлтэй ирсэн гэдгээ харуулж, гайхалтай тоглолт үзүүлсэн. Тэд багаараа үүргээ тун сайн гүйцэтгэж, тоглолтыг эхнээсээ л тэргүүлж эхэлсэн. Тэр дундаа багийн онооны лидерүүд болох Б.Билгүүн, Т.Санчир нар тус бүр 32 оноо авч багаа тэргүүлсэн. Ингэснээр энэ тоглолтонд 117:79 харьцаатай “Сүхбаатар SBL Хүлэгүүд” баг хожиж, улирлын найм дахь хожлоо авлаа. Ингэснээр Хүлэгүүд хүснэгтийн 3-р байр хүртэл ахисан бол, Эрдэнэдрийлинг Ригс 7 хожил, 7 хожигдолтой болж, хүснэгтийн 5-р байрандаа үлдлээ.