
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тус яамнаас хэрэгжүүлж буй Байгаль орчны урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар танилцуулав.
Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, “Өнөөдөр улсын хэмжээнд нийтдээ 360 гаруй хөтөлбөр төсөл, бодлогын баримт бичиг байна гэсэн статистик үзүүлэлт байна. Энэ нь олон салбарыг хамарсан янз бүрийн хөтөлбөрүүд байгаа ч харамсалтай нь ихэнх хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. Энэ нь олон шалтгаантай. Зарим хөтөлбөрүүд анхнаасаа лозунгийн шинжтэй, нарийн дүгнэх боломжгүй, хэрэгжих санхүү, эдийн засгийн баталгаагүй батлагдаад явж ирсэн. Иймд Улсын Их Хурлаас хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог хангах талаарх асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал асуудал юм гээд Байгаль орчин ногоон хөгжлийн салбарын хүрээнд одоо мөрдөж байгаа бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд яамдын хамтын ажиллагаа, чиг үүргийн уялдаа холбоо, давхцал ямар байгаа, хэрхэн явж ирсэн талаар тодруулав.
Салбарууд өөр өөрсдийн харьяалах асуудлыг түлхүү харж тэдгээрийг бусад салбаруудтай, ялангуяа байгаль орчинтой яаж уялдуулах вэ гэдгийг тэр бүр боддоггүй нь харагдаж байгаа. Усны хөтөлбөр 2010 онд, Усны тухай хууль 2012 онд байгаль орчны багц хуулиудын хүрээнд шинэчлэгдэхдээ усны үндэсний хөтөлбөр дээр суусан нэлээд олон асуудлыг хуулинд суулгаж өгсөн. Шинэ засгийн газар усны үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулсан. Ингэснээр усны хөтөлбөрийн хэрэгжилт салбаруудын уялдаа холбоог дээд түвшинд гаргасан гэлээ. Мөн хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс Туул голын бохирдол, цэвэрлэгээний асуудлыг хөндсөн юм. Энэ асуудлыг өнөөдөр ярих ёстой тулгамдсан асуудал гэдгийг салбарын сайд хэлээд, Туул голын эхийг сэргээх, ойжуулах төслийг хэрэгжүүлэхэд төрөөс санхүүжилт хийсэн. Энэ төсөл энэ жил мөн хэрэгжинэ. Мод тарьснаар Туул голын усны татралт 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Туул голыг цэвэрлэх асуудлын хүрээнд судалгаа хийгдэж байна. Төв цэвэрлэх байгууламж шинэчлэгдвэл аяндаа гол маань цэвэрлэгдээд явах боломж бүрдэнэ. Мөн Туул голын бохирдол хаана байна, нөөцийг хэрхэн ашиглах зэрэг бүхий л асуудлыг хариуцаж, шийдвэрлэх “Туул голын сав” захиргаа шинээр бий болж үйл ажиллагаагаа явуулж байгааг салбарын сайд дуулгалаа.
Үүний дараа Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусгахаар тогтов.
Мөн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонх дэмжиж Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей ахалж ажиллахаар боллоо.
Түүнчлэн Газрын тухай багц хуулийн Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар ахлахаар болов. Учир нь хүлээлттэй байгаа энэхүү томоохон хуулийн төсөл хоёр парламент дамжин хэлэлцэгдэж өнөөдрийг хүрсэн ч энэ хугацаанд өмнөх Ажлын хэсгийн хуралдааны ирц бүрдэлт муу, байгуулагдаад хоёр жил болох гэж байгаа ч идэвх санаачилга муутай, хангалтгүй ажиллаж байгаа хэмээн үзэж өмнөх Ажлын хэсгийг шинэчилж байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.