
Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 7 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажилласан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шинэ сууршлын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны 8 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:52 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 112-ын автобусны буудлын дэргэд хог тээвэрлэдэг машины тэвш шатаж байна гэсэн дуудлагыг 16:56 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад Тохижилт үйлчилгээний “Хьюндэй” загварын ачааны автомашины тэвшин дээр хог шатаж байсныг иргэд унтраасан байсан. Иймд иргэд галын аюулаас болгоомжилж, анхаарал сэрэмжтэй байх чухал байна. Гэр хорооллын айлууд үнс, цогоо гадагшлуулахдаа заавал унтрааж, шалгаж үзэж байж хогны машинд ачуулах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/