
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын малчин
Л-ийнх удаа дараа үхрээ алдаж, улмаар хэсгийн төлөөлөгчид хандсан
боловч ямар нэг арга хэмжээ авч өгөөгүй байна. Уг явдлын дараа буюу 14
хоногийн өмнө Л-ийнхээс дахин хоёр үхэр алга болоход нь хохирогчид Орхон
аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Улмаар цагдаагийн ажилтнууд
хэрэгтнүүдийг илрүүлэхэд тэд Л-ийнхээс удаа дараа үхэр хулгайлж байснаа
хүлээсэн байна. Түүнчлэн тэдний хулгайн малын маханд тус сумын хэсгийн
төлөөлөгч Н гарал үүслийн бичиг хийж өгдөг байсан нь ч байцаалтын явцад
тогтоогджээ. Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагын ажилтнаас тодруулахад " Цагдаа нар малын хулгайн хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гараад байсан. Тодруулбал, хэсгийн төлөөлөгч нь гарал үүслийн бичиг үйлддэг байсан гэх мэдээллийн дагуу дотоод хяналт шалгалт цагдаагийн байгууллагаас явуулж тухайн хэргийг илрүүлээд Прокурорын мөрдөн байцаах газар хэргийг шилжүүлсэн" гэв. Тэгэхээр цагдаагийн ажилтан ямарваа нэг гэмт хэрэг үйлдсэн байж болно. Харин түүнийг нь цагдаагийн байгууллагаас илрүүлэн зохих харьяалалын дагуу шалгаж байгаа юм. Тиймээс иргэд ажил албандаа үнэнчээр зүтгэж байгаа цагдаа нарыг тухайн хэрэгт хамаатуулж бүгдийг нь гэмт хэрэгтэн мэт үзэх нь буруу гэдгийг албаныхан онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/