
Өчигдөр Налайх дүүргийн гуравдугаар хороонд манай охиныг нөхөр нь зодоод байна гэсэн мэдээллээр очиж шалгахад Налайх дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 27 настай эмэгтэй Г гэгчийг мөн хороонд оршин суух 28 настай С нь зодож биед нь гэмтэл учруулсаныг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд манай охин намайг зодлоо хэмээн өргөдөл гаргаж иржээ. Хэргийг шалгахад 45 настай эмэгтэй Ц гэгчийг 22 настай төрсөн охин зодож гэмтэл урчруулжээ. Гэр бүлийн хүчирхийллийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Гэр бүлийн хүчирхийлэл маш хэцүү. Учир нь зодуулсаныхаа дараа иргэд гомдол гаргаж цагдаагийн байгууллагад ирчихээд хэдхэн цагийн дараа өргөдлөө буцааж, гомдолгүй гэж мэдүүлдэг. Цагдаагийн байгууллага гомдолгүй гэж байгаа иргэдийг яаж ч чадахгүй. Иргэдийн зүгээс зөвхөн айлгах гэж л өргөдөл өгсөн хэмээн тайлбарладаг. Үүний дараа цагдаагийн байгууллага уг хэргийг шийддэггүй гэх асуудал гарч ирдэг. Тусдаа хууль л гарахгүй бол маш хэцүү асуудал болж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг бусдын биед гэмтэл учруулсан, танхайрсан зүйлчлэлээр адилтгаж л яллаж байдаг" гэв.
Сонирхуулахад, цагдаагийн байгууллагад нэг хэлтэст дунджаар 1000 өргөдөл гомдол ирэхэд үүнийх нь 25 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг аж.
Д.Ундрах /24tsag.mn/