
Төрийн банкаар үйлчлүүлж буй 100 үйлчлүүлэгч тутмын 50 нь цалин эсвэл тэтгэврийн зээл авахыг хүсчээ. Үүнийг хэн хүнгүй удахгүй болох Цагаан сарын баяртай холбон тайлбарлаж магадгүй. Хэдийгээр уламжлалт баяр ёслол болох гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ манай улсын эдийн засгийн өнөөгийн үнэн нүүр царай гэлтэй. Монголын эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрсээр байгааг илтгэх хамгийн энгийн жишээ юм. Ах дүү хамаатан садантайгаа жилдээ нэг удаа уулзан учирдаг ганц баяр бол Цагаан сар. Мэдээж муу муухайгаа хүнд харуулахгүйг хичээдэг нь монголчуудын гэм биш зан. Үүн дээр нь дөрөөлөн чоно борооноор гэдгийг батлах мэт өргөн хэрэглээ, бэлэг дурсгалын үнэ чимээгүйхэн өссөөр л... Урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг байсан бол одоо нөхөх ч зүйлгүй болсон иргэдийн сүүлийн найдвар нь банк эсвэл ломбарднаас зээл авах болжээ.
Харин эрхэм төрийн түшээд маань газар газрын “ломбард” хэсээд л явна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг байсан иргэд одоо зээлээс зээлийн хооронд амьдрах “цэвүүн цаг” ирэв бололтой. “Чингис бонд” –ыг олон улсын үнэт цаасны зах зээлд гаргаж 1.5 тэрбум ам.долларын зээл авсан. Энэ бол хоёрхон жилийн өмнөх явдал. Харин өнөөдөр “Самуурай бонд” гэгчээр Японы засгийн газраас 300 орчим сая ам.долларын зээл авлаа. Үүгээр чухам яг юу хийгээд, ямар зүйлд зарцуулаад байгаа нь бас л асуудалтай. Энэ их мөнгөний эргэлт бий болоод буй зах зээл маань улам бүр муудан доройтсоор байна. Монгол орон ингээд зээлээс зээлийн хооронд манай улс хөвсөөр явна. Дээрээ гүйдлээ олж чадахгүй байхад доодчууд нь яаж зөв алхах билээ дээ. Иргэд нь зээл авч, төр нь бонд гаргаж баярлалдсаар.
24tsag.mn