Ирэх онд эдийн засаг хүндэрнэ гэдгийг АН-ынхан маш сайн мэдэж байгаа аж.
Тэд албан хийгээд албан бус хурлууд дээр ч, бүлэг фракциараа ч энэ
асуудлыг удаа дараа ярилцаж байжээ.

Ирэх онд эдийн засаг хүндэрнэ гэдгийг АН-ынхан маш сайн мэдэж байгаа аж. Тэд албан хийгээд албан бус хурлууд дээр ч, бүлэг фракциараа ч энэ асуудлыг удаа дараа ярилцаж байжээ. Энэ бүхний үр дүнд нэг гарц байгааг олж харсан гэнэ. Тэр нь алтны үйлдвэрлэлийг хөгжүүлэх санаачилга байв. Энэ зорилгоор шинээр алтын ордын ашиглалтын лицензийг олгох нь зөв гэж шийдсэн байна. Үр дүнд нь эдийн засгийн хүндрэлийг даван туулна гэж тооцоолжээ.
Тэгтэл нэг сүйхээтэй бизнесмен Говь-Алтай аймгийн нутагт хамаарах Говийн их, бага дархан цаазат газарт асар их хэмжээний нөөцтэй алтны үндсэн орд байгааг илрүүлчихээд АН-ынхантай уулзжээ. Уг ордны алтны нөөц нь монголын түүхэнд байгаагүй хэмжээнд яригдаж эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл Бороо гоулд 40 тонн алтны нөөцтэй байсан бол Оюутолгойн нийт алтны хэмжээ 1400 тонноор хэмжигдэж байгаа. Говийн их, бага дархан цаазат газар хамаараад байгаа алтны үндсэн ордны нөөц нь эдгээрээс хэд дахин илүүг мэргэжлийнхэн тогтоожээ. Ингээд АН-ын улс төрчид наймаа тохирооны асуудлыг ярьж эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь Говийн их, бага дархан цаазат газрын алтны үндсэн ордны лицензийг ямар аж ахуйн нэгж эзэмшиж байгааг маш их нууцалжээ. Түүний эзнийг АН-ын хэдэн нөхөд л мэднэ. Өөр хэн ч мэдэхгүй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ын нөлөө бүхий дарга нар уг орд газрын тодорхой хэсгийг нэгэн болзолтойгоор эзэмшихээр урьдчилан тохирчээ. Тэр нь говийн их, бага дархан цаазат газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргах санаачилга байв.
Өөрөөр хэлбэл хуулиар тусгай хамгаалалттай газар ашигт малтмал олборлох хориотой. Гэтэл АН-ынхан эдийн засгаа аврахын тулд тусгай хамгаалалтыг нь хуулиар байхгүй болгохоор Говь-Алтай аймгийн Засаг даргад албан тоот илгээжээ. Сонирхолтой нь Говь-Алтай аймгийн засаг дарга МАН-ын хүн байж таарсан учир шууд татгалзаад зогсохгүй ЗГХЭГ-ын дарга, сайд Ч.Сайханбилэгийн албан тоотыг намынхандаа илгээжээ. Ингээд МАН-ынхан Говь-Алтайд юу болох гээд байгааг анх олж мэдэв. Үүнтэй зэрэгцээд АН-ынхан алтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д оруулж ирэв. МАН-ынхан завсарлага аваад асуудлыг хэлэлцэхээс татгалзав. Гол зорилго нь Говь-Алтайн дархан цаазат газарыг тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлөх гээд байгаа АН-ынхны сонирхолыг ил болгохыг хичээж эхлэв. Удалгүй Говь-Алтайн нөхөн сонгууль ч зарлагдаж. МАН асуудлыг сөхөж. АН-ынхан “бидэнд саналаа өгвөл Говь-Алтай дээрээсээ асар их дэмжлэгтэй болно” гэсэн сурталчилгааг орон нутагт өрнүүлж байна. Харин МАН-ынхан “та бүхэн АН-д саналөө өгвөл Говийн их, бага дархан цаазат газраа тавиад туулаа шүү” гэсэн сурталчилгааг ч зөрүүлээд явуулж байна. Ийнхүү хоёр том нам Говь-Алтай аймаг дахь асар том алтны ордын төлөө тулалдаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ынхан энэхүү ордын эзэмшлийг гурав хуваахаар ярьж байжээ. Асар их нөөцтэй учир хуулиараа нэг хэсэг нь төрд очно. Тэгээд үлдсэн дээр нь илрүүлсэн бизнесмений аж ахуйн нэгж, АН-ын нөлөө бүхий улс төрчдийн компани тодорхой хувийг авахаар яригдаж байжээ. Ингээд асар том ордыг гэрэл цохиулчихсандаа АН-ынхан дотроо ихээхэн маргаантай байгаа сураг гарлаа. Үйл явдал цаашид өрнөж олон зүйл тодорхой болно. Энэ тухай эргэж мэдээлнэ. Яагаад гэвэл Монгол улсын хувь заяатай холбоотой том ордны асуудал нууцаар яригдаж байна.
Сэтгэгдэл (32)