“Монгол улсын хөгжлийн банк”-ны дансанд саяхан мөнгө нь орж ирсэн “Самурай” бондын тухай 24 баримтыг хүргэж байна. 30 тэрбумын иентэй тэнцэх тус бондын мөнгийг хууль бусаар Монголд оруулж ирсэн гэж зарим хүмүүс ярьж эхэлжээ.
1. "Самурай" бонд гэдэг нь зөвхөн Японы зах зээл дээр босгодог хэлбэр. 2. Одоогийн байдлаар манай улс "Самурай" бондоос 30 тэрбумын иень авчихаад байна. Гэхдээ 600 сая ам.доллартай тэнцэхээр иенийг япончуудаас авахаар болсон учраас тус 30 тэрбум иен дээр нэмж дахин мөнгө авах боломжтой юм байна.
3. "Самурай" бондоос босгосон иень бол манай улсын дэлхийн зах зээлээс босгосон гурав дахь том мөнгө. Эхний бондыг Хөгжлийн банк “Өүлэн” нэрээр гаргаж байв. “Өүлэн” бонд гаргаж олсон мөнгөний хэмжээ 580 сая ам.доллар. Харин дараа нь “Чингис” бонд гаргаж 1.5 тэрбум ам доллар босгосон.
4. "Самурай" бондын 30 тэрбум иенийг ам.долларын өнөөгийн ханшид шилжүүлбэл 290 орчим сая ам.доллар эдийн засагт эргэлдэхэд бэлэн гэсэн үг.
5. Хөрөнгийн зах зээл дэх “Самурай” бонд хэмээх ойлголтыг 1970 онд тухайн үед Японы Сангийн сайдын алба хашиж байсан Такео Фүкүда гаргаж ирсэн бөгөөд тухайн жил Азийн хөгжлийн банк долоон жилийн хугацаатай, зургаан тэрбум иенийн бонд гаргаснаар замнал нь эхэлж байжээ.
6. "Самурай" бондыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон дахь айлчлалаараа босгосон.
7. Арван жилийн хугацаатай энэ бондын хүүг 1.52 хувь гэж тогтжээ.
8. Ерөнхий сайд энэ бондод нэр өгөхийг хүссэн хэмээн хүмүүс ярьж буй. Тэгэхээр удахгүй алтан урагтай холбоотой хэн нэгний нэр тун удахгүй дуулдах байх гэж албаныхан хэлж байна.
9. "Самурай" бондын хүүг манай Хөгжлийн банктай хамтран ажиллах бичигт гарын үсэг зурсан Японы Олон улсын хамтын ажиллагааны банк тогтоодог. Энэ банк манайх шиг хөгжиж байгаа улсуудад баталгаа гаргаж дэмжлэг үзүүлдэг учраас Самурай бонд амархан бүтсэн гэж эдийн засагчид онцолж байна.
10. Африкийн улсуудаас гадна Индонези, Франц зэрэг орнууд ч Япон улсаас тус бондыг босгож байжээ. "Самурай" бонд гаргаж хамгийн их мөнгө босгосон банк бол Америкийн “Жи пи морган”. Тус банк 111 тэрбум иенийн бонд босгож байжээ.
11. "Чингис" бондын хүүнээс болж багагүй алдагдал хүлээгээд буй манай улсын хувьд энэ удаад иенийн захаас мөнгө босгосон нь 10-15 жилдээ ханшийн эрсдэлд орохгүй гэж эдийн засагчид хэлж байна. Улс орнууд хямд мөнгөний эрэлд гарчихаад байгаа энэ үед хамгийн таатай валют бол иен гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
12. "Самурай" бондын мөнгө сүүлийн өдрүүдэд чангараад байгаа долларын ханшийг сулруулахад нөлөө үзүүлнэ эдийн засагчид дүгнэж байна.
13. Тус бондын мөнгийг Японтой хамтран хэрэгжүүлж байгаа том төслүүдэд зарцуулна.
14. Дарханы газрын тосны үйлдвэр, тавдугаар цахилгаан станцын төсөл зэргийг “Самурай” бондын мөнгөөр гүйцэтгэнэ.
15. Н.Алтанхуяг Японд айлчлах үеэрээ “Самурай” бондод мөнгөө оруулах сонирхолтой эрхмүүдийг байрлаж буй зочид буудалдаа урьжээ. Тэр уулзалтанд “49” компанийн төлөөлөл ирснийг Японы тал “Их хүн оролцоо” гэж онцолж байв.
16. “Самурай” бондын гэрээг тас нууж байгаа. Энэ нь эрсдэл дагуулж байгаа хэмээн зарим хүмүүс хэлж байгаа юм.
17. Манай улсын гаднаас авсан өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс хэтэрчихсэн байгаа. Нөхцөл байдал хүнд үед “Самурай” бондын хөрөнгийг оруулж ирэх нь өрийн хэмжээг нэмэхээс гадна, ирээдүйд учрах эдийн засгийн хүндрэлийг бий болгоно хэмээн зарим эдийн засагчид дүгнэж байна.
18. Бондын мөнгө нэгэнт ороод ирсэн учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийнхөө хэмжээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж байгаад ч хамаагүй мөнгийг эргэлдүүлэх юм байна.
19. “Самурай” бондын зарцуулалтад япончууд хатуу хяналт тавих аж.
20. “Самурай” бонд гаргахад тусалсан нь япончууд манай уул уурхай руу чиглэсэн үйлдэл ч байж болох аж. Өөрөөр хэлбэл бонд нэрийн цаана Монгол улсын Засгийн газар уул уурхайн салбарт хамтран ажиллаж байгаа “багийн” тоглогчоо солихоор төлөвлөөд байгаа гэх таамаг байна.
21. “Самурай” бондод 90-95 хувийн баталгаа өгсөн байх магадалтай.
22. "Самурай" бондыг гаргахад Японы Засгийн газар давхар хариуцлага хүлээдэг учраас тус улсын хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байдаг.
23. АНУ, Европын ижил төстэй бондуудтай харьцуулахад уян хатан байдаг бөгөөд санхүүгийн хямрал зэрэг тааварлаагүй эрсдлийг харгалзан үздэг.
24. Дэлхийн томоохон компаниуд нэгдсэнээс хойш "Самурай" бондын нэр хүнд нь өсөж, энэ хэрээр олон улсын сонирхлыг татдаг болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (9)