Саяханыг хүртэл Монголын хамгийн том групп компаниудын нэгд тооцогддог “Бодь” группийн ерөнхийлөгч байсан М.Зоригтыг монголчууд авъяаслаг бизнесмэн гэхээс илүү даруухан улс төрч гэдгээр нь мэддэг. Мөнхчулууны Зоригт бол энэ удаагийн УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа гишүүн юм. Парламентад орж ирэхээсээ өмнө бизнесмэнээ өргөжүүлж, ойрмогхон “Мөнхчулуун” сангаа байгуулж, Сүхбаатар аймагт шинээр босох бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа гэдгээс нь түүнийг улс төрд тийм ч ойр биш хүмүүс хүртэл сайн танина. Харин энэ идэвх дүүрэн залуугийн ил бус төрхийг FaceLook булангаараа “24цаг” дурандлаа.
Том хүү. Монголын анагаах ухааны салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон гавъяат эмч Я.Мөнхчулууныд 1964 оны намрын дунд сард Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлэх хүү М.Зоригт төржээ. Түүний унасан газар нь Улаанбаатар, ундаалсан ус нь Туул гол. Нийслэлийн 10 жилийн 3 дугаар дунд сургуулийг төгссөн тэрбээр хоёр дүүтэй айлын том хүү юм. Одоо ээжтэйгээ ихэд адилхан болжээ.
Оюутан ахуй. 1986 он. Чехийн Прага хотод Техникийн Их Сургуулийн инженерийн ангид суралцахаар очсон М.Зоригт.
Хобби. Тэр бас улсынхаа техникийн Их сургуулийг төгссөн. Түүний олон жилийн хобби электроник, техниктэй холбоотой. Одоо ч "Apple" корпарацийн гаргасан бүх шинэ бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг байна.
Идэвхтэн. 1987 онд болсон Оюутны холбооны хоёрдугаар чуулганы үеэр. Яг энэ чуулганы үеэр танилцсан гурван залуу нийлж хожмоо Монголын том группийг байгуулах эхлэлийг тавьсан байдаг. Л.Болд, Баясгалан, М.Зоригт нар хамтран 1993 онд компаниа байгуулжээ. Тэд өнгөрсөн хорин жилийн хугацаанд бизнесийн сайн хамтрагч, хамгийн сайн найзууд болж чадсан гэдэг. Харин саяхан "Бодь" группээ хоёр хувааж хөрөнгөө тасдсан билээ.
Ардчилсан холбооны партизануудын нэг: 1990 оны Ардын хувьсгалыг дурсахуйд Мөнхчулууны Зоригтийн нэр яах аргагүй холбогддог. Тухайн үеийн Оюутны холбооны тэргүүн байсан тэрбээр залуучуудыг уриалан Ардчилсан хувьсгалд оролцсон юм. МОХ-ын анхны ерөнхийлагч байсан түүнтэй хамт жагсаж, тэмцэж явсан найзуудаас нь олон нь хожмоо М.Зоригттой хамт улс төрийн тогоонд чанагдах болсон билээ. Түүний үзэл бодол мөн л баруунд бүрэлдэн тогтсон гэж хэлж болно. Чехэд Зүүн Европ ардчиллаар жинхэнэ амьсгалж байх үед тэрбээр тэнд сурч байсан. Тэгэхээр энэ дэлхий чухам хаашаа явж байгааг нэлээд эртнээс мэдэрсэн нөхөр байжээ. Дуурийн театрын хажууд болсон Ардчилсан холбооны цуглаан дээр олны өмнө гараад “Өнөөдөр би ганцаараа Ардчилсан холбооны гишүүн болохгүй. Би олон мянган гишүүнийг дагуулаад ирнэ” гэж ам бардам дуугараад гарсан тэрбээр ердөө арваадхан хоногийн дараа олон мянгуулаа талбай дээр гарч ирсэн гэдэг.
Тэд үүнээс хойш олон жил парламентад нэг ангид суусан.
Тэд үүнээс хойш олон жил парламентад нэг ангид суусан.
Хүндэтгэл. М.Зоригт С.Зоригийн дүү УИХ-ын гишүүн С.Оюунтай дотны найзууд. Тэд нэгэн цагт нэг намаас парламентад сонгогдож явсан улс төрчид. 2004 онд энэ намыг ихэнх нь орхин гарах үед С.Оюунтай хамт тэр л үлдсэн юм. Мэдээж хамт Чехэд сурч байсан нь ч нөлөөлсөн биз. Гэхдээ "С.Оюундаа хань болъё гэж үлдсэн" хэмээн хожим дурсан ярьсан байдаг. Хэрвээ тийм бол жудагтай л эрийн шинж. Бас Сүхбаатарын “сайн эрсийн” хугархай гэмээр.
Тэрбээр энэ УИХ-д суух болсон нь бус харин сонгогдсон тойргууд нь сонин байдаг. 2004 онд Дорнод аймгаас УИХ-д сонгогдов. ИЗН-аас дэвшээд шүү дээ. Энэ аймаг ээжийнх нь нутаг. Мөн намын дарга С.Оюуны тушаал басхүү хүсэлтээр тус аймагт нэр дэвшсэн гэдэг.
Сүхбаатар. Харин өнгөрсөн жил АН-аас аавынхаа нутаг Сүхбаатар аймагт нэр дэвшээд тасархай ялав. Тэрбээр энэ ялалтаарааа олон жил дархлагдсан “улаантнуудыг” энд нэг мөсөн дараад авах шиг болсон юм. Яаж дарав гэхээр аймгаа хөгжүүлж. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар танигдахын аргагүй болсон. Олон давхар орон сууцнууд баригдлаа. Төвөө хар замтай болгов. Хачин гоё кино театртай болоод авлаа. Залуусын гээд дэд бүтцийг нь шийдчихсэн хотхон байгуулсан гээд энэ нөхрийн нэртэй холбоотой их бүтээн байгуулалт тэнд босчээ.
Сонгогчидтойгоо. Тэрбээр байн байн Сүхбаатар руу гүйдэг. Тойрогтоо хамгийн их ажилдаг гишүүн гэвэл түүнийг хэлнэ гэж сүхбаатарчууд ярьдаг. Тэрбээр тэнд очоод сонгогчидтойгоо уулзаж, айл хунараар зочилж хоол хийлгэж идсэн шиг явдаг байна. Үүнийгээ ч фэйсбүүктээ нээлттэй мэдээлдэг.
Бас ингэж явдаг байх нь.
Бас ингэж явдаг байх нь.
Бас ингэж. Түүний өдөр бүр үүргэвчилж явдаг зүйл нь зургийн аппарат. Тэрбээр ийш тийшээ явах бүртээ зураг дарж, авсан зургаа өөрийн фейсбүүк хуудсанд хийж найзуудтайгаа хуваалцдаг. М.Зоригтыг хэр сайн зураг авдгийг нь өөрийнх нь фэйсбүүк хаягнаас харж болно. Сошиал ертөнцийн найзууд нь ч түүний зургуудад сайн гэсэн дүгнэлт өгч лайкаар урамшуулдаг. УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн твиттер хуудаснаа “УИХ-ын албан ёсны гэрэл зурагчин” гэсэн тайлбартайгаар М.Зоригт гишүүний онгоцны буудлын шалан дээр өвдөглөж суугаад зураг дарж буй зургийг жиргэсэн байдаг.
Хоёр л дээл. М.Зоригт хэдий мөнгөтэй ч брэндийн хувцас, үнэтэй торгон дээл өмсөөд байдаггүй нь анзаарагддаг. Тэрбээр “Миний хувьд хамгийн үнэтэй хувцас аавын дээл. Зун өвөл, өмсөж болох хоёр дээл надад бий. Хоёулаа аавынх. Үнэ цэнийн тухай ойлголт өөр. Би айхтар хэрэглээтэй хүн биш” гэж ярьдаг.
Микки маусны зурагтай малгайгаар гангарагч. Айхтар брэндийн үнэтэй бараагаар гангараад байдаггүй нь зарим нэг хувцаслалтаас нь илүү мэдрэгдэнэ.
Энэ зурганд тайлбар илүүц биз. М.Зоригтынх хүү, охин хоёртой. Бага охин нь 13 настай аавын адил зураг авах хоббитой.
Энэ зурганд тайлбар илүүц биз. М.Зоригтынх хүү, охин хоёртой. Бага охин нь 13 настай аавын адил зураг авах хоббитой.
Мисс бэр. Түүнийг мисс бэртэй гэж хэвлэлээр бичдэг. Тэр ч үнэн. Түүний хүү нь загвар өмсөгч Ч.Содгэрэлтэй гэрлэсэн. Хуримынхаа үеэр эмээ өвөөтэйгээ энэ зургийг даруулжээ. М.Зоригт “Манай бэр бол үзэсгэлэнтэй бас ухаантай бүсгүй” гэж ярьсан байдаг.
Гэр бүл. Анх гишүүн болсных нь дараа түүний Төрийн ордон дахь ажлын өрөөг гэр бүлээрээ сонирхсон нь.
Гэр бүл. Анх гишүүн болсных нь дараа түүний Төрийн ордон дахь ажлын өрөөг гэр бүлээрээ сонирхсон нь.
Зураг алаач. Парламентын цөөн хэдэн гишүүн салхинд гарах үеэр тэр ингэж зураг алав. Д.Эрдэнэбат гишүүний зогсолт, могсолт бол маягтай.
Сайдын гар байрандаа. Ц.Оюунгэрэл сайд Б.Бат-Эрдэнэ аваргатай жигтэйхэн гар барилцан инээлдэж зогсоо зураг саяханы хэдэн өдөр цахим ертөнцөд дуулиан тарив. Үүний дараа М.Зоригт гишүүн энэ зургийг “Сайдын гар байрандаа" гэх тайлбартайгаар фэйсбүүктээ оруулжээ.
49 гэдэг улс төрчийн хувьд залуу нас юм. Эхлүүлсэн мөр нь зөв үргэлжилж чадвал улс төрд удаан бөгөөд үр дүнтэй ажиллаж болох төлөөлөгчдийн нэг бол М.Зоригт юм. Түүний улс төрийн цаг ид явж байна. Харин энэ цаг хэд хүрч зогсохыг би таашгүй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (27)