Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Зүрх”-ний гэх тодотголтой Б.Болдсайхан эмчийн шүлгээс хүргэж байна. Түүнийг утга зохиолд нэртэй, шаггүй сайн яруу найрагч гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.
Дурлаа юу миний жаахан амраг
Дуугүй болоод гуниг тэрлэх нь ихсэх чинь
Дуусашгүй гоо сайхны захы нь амсаад
Дурлалын салхинд дахиад л хийсэн алдана уу
Хайрлаа юу миний жаахан амраг
Хачин зөөлөн гэгээ харцнаас нь цацрах чинь
Хүний сайхан түүнийг нүднээс чинь нуултай биш
Хамтдаа чимээгүй гансраад л чамайг хүлээхээс биш дээ
Сэтгэл алдаа юу миний жаахан амраг
Сэрүү татаад л бодол чинь энд байхгүй байх чинь
Сайхан түүнд атаархаж өөртөө дүрслээд л
Сэмхэн чамайг л мөрөөдөн харамлаж суухаас...
***
“Мөрөөдөл”
Дээлийг минь нөмрөөд
Гадар жихүүцлээ тайлж байгаасай билээ
Дэргэдээс минь налаад
Дотор жихүүцлээ мартаж байгаасай билээ
Дорноос наран мандахад
Надад цай аягалж байгаасай билээ
Дуугүй бодлогошроход минь
Духаа нийлүүлээд эрхэлж байгаасай билээ
Сарны гэрэлд шүлэг бичихэд минь
Санаа алдаад зөөлөн үнэрлэж байгаасай билээ
Сархад хундагалахад минь болиулж
Дарс мэт уруулаа өгч байгаасай билээ
Өдөртөө яваад ирэхэд
Өнө хол одсон мэт санасан байгаасай билээ
Өвдгийг чинь дэрлээд хэвтэхэд
Үсийг минь илэн дуулж байгаасай билээ
Дээлийг минь нөмрөөд
Гадар жихүүцлээ тайлж байгаасай билээ
Дэргэдээс минь налаад
Дотор жихүүцлээ мартаж байгаасай билээ
***
Зүрх минь эвгүй цохилж хатгалаа гэлээ
Аминаасаа чамдаа
Тал дундуур нь тасалж өгье дөө
Зүүдэндээ түрүүлж нөгчлөө гэлээ
Наснаасаа чамдаа
Яг тэнцүүлэхээр хагаслж өгье дөө
Зүрх зүүд хоёрыг минь өнчрүүлэн холдож
Зөн совин хоёр минь хүрэхгүй газар одлоо гэж
Зөрүүд хар ёр шивнэлээ гэлээ
Амиа чамдаа таслан насаа чамтай тэнцүүлсэн ч
Хайраа чамдаа бүхлээр нь хайрлая даа
***
Хэн ч чамайг чин сэтгэлээсээ хайрлахгүй
Тэр ч яахав
Харин чи хэнд ч үнэн зүрхнээсээ дурлахгүй
Үүнд л ганцаардал байгаа юм.
Амьдрал намайг ийм болгосон гэж хэлж чадахгүй
Харин ийм болтлоо би амьдралаа гэж хэлэх ёстой доо л
Эмгэнэл нь байгаа юм.
***
“Хойд нас байдаг бол...”
Хойд нас байдаг бол
Гарыг чинь гуйх болно
Галыг минь асааж өгөх үү , чи
Галзуу догшин дайчин болж төрвөл би
Бэрцэцэг түүж өвөртлүүлээд
Би чиний л төлөө амьдаръя гэж гуйна
Хүлээх үү, чи
Хаана ч юм, холын оронд төөрөөд төрчихвөл
Халх Монголын зүг хамтдаа тэмцье гэж гуйх болно
Нутгаа санасан морь шиг
Хамтдаа гүйх үү, чи
Холын одонд аялсан ирээдүй цагт төрвөл би
Хамт нисье гэж чамайг гуйх болно
Хоёулаа оддын зүгт нисэх үү, чи
Хүмүүн биеийг ололгүй заяа төөрч
Хар азаргын нуруунд цагаан уул болон төрвөл
Хамтдаа нэгэн зүгт хөтлөлцөн ургаад
Хагдарч чадах уу, чи
Нарны гэрэлд унтаж, сарны гэрэлд сэрдэг
Сэцэн хан уулын сэрүүн салхи болж төрвөл
Хатан Туулын шивнээ шиг хөөрхөн сэвгэр болж
Хамт зугаалах уу, чи
Энэ насанд үйлдсэн үйлийн үрээр би
Эсгэм хүйтэн өвөл болж төрвөл
Энгэрийг минь гэсгээсэн эхний яргуй болж
Ханзрах уу, чи
Зүрхэлж хэлээгүй хайрын үгс хальж
Зүйрлэшгүй яруу шүлгийн мөрүүд болж төрвөл би
Уртын дуу шииг аялгуу болон төрж
Хүмүүний сэтгэлд уянгалах уу, чи?
Хойд нас байдаг бол
Гарыг чинь гуйх болно
Галыг минь асааж өгөх үү , чи...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)