Сурагчийн шинэ дүрэмт хувцас өчигдрөөс худалдаанд гарч эхэллээ. Материал хийц, загвар, хүүхдийн биед эвтэйхэн гээд бүхий л зүйлээрээ давуу гэгдэх шинэ дүрэмт хувцасны тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Сурагчийн шинэ дүрэмт хувцас хийх ажилд Засгийн газраас 23 тэрбум төгрөгийг зээлээр олгосон. Тус санхүүжилтийг дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлөрүүлэх ёстой гэж Ерөнхий сайд хэлж байгаа.
2. 23 тэрбум төгрөгөөс 12 тэрбумыг даавуунд, есөн тэрбумыг оёдлынхонд зээлсэн бол хоёр тэрбумыг нь сүлжмэлийн үйлдвэрүүд зээлсэн байна.
3. Энэ намар 350 шахам мянган дүрэмт хувцасыг сурагчдад олгоно. Энэ нь ЕБС-ийн нийт сурагчдын 70 хувийг хангах тоо. Үлдсэн хүүхдүүдийг ч дүрэмт хувцасаар хангана гэж албаныхан ярьж байгаа.
4. Шинэ дүрэмт хувцас оёход дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож, 1300 гаруй хүн ажиллаж, 100 гаруй ажлын байр шинээр бий болжээ.
5. Уг ажилд оёдол, нэхмэл, сүлжмэл, ээрмэлийн үйлдвэрүүд зохион байгуулалттайгаар ажиллажээ.
6. Энэ жил Солонгос улсаас даавуугаа оруулж ирсэн байна. Гэхдээ материал, түүхий эд нь манай улсынх аж. Монголоос хөдөө аж ахуйн биржээр дамжин худалдаалагдаж буй хонины ноос Солонгос руу экспортлогдож, түүгээр даавуугаа хийсэн байна. Үйлдвэрлэлийн хувьд Солонгост хийгдэж байгаа ч чанарын хувьд монгол чанар явж байгаа гэж албаныхан ярьж байгаа юм.
7. Дараа жил дотооддоо 100 хувь даавуугаа үйлдвэрлэх аж.
8. Оёдлын үйлдвэрүүдэд тендергүйгээр эрх өгсөн гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа. Шинэ дүрэмт хувцас оёж эхлэхтэй зэрэгцэн зарим нэр бүхий компаниуд Засгийн газрыг буруутгаж хэвлэлийн хурал хүртэл зарласан бол хэсэг бүлэг эцэг эхчүүд сурагчийн форумыг авахгүй байхыг уриалж байлаа. Харин Засгийн газраас “Оёж чадах хүн бүр оё” гэж энэ зохион байгуулалтыг хийсэн аж.
9. Шинэ дүрэмт хувцасны загварыг Монголын шилдэг дизайнерууд зохион бүтээжээ.
10. Өнгөрсөн хавар эцэг эхчүүд, сурагчдын дунд судалгаа явуулж загвар дүрэмт хувцасыг баталсан байна. Үүний дагуу загварыг нь батлаад, захиалгаа өгсний дараа үйлдвэрлэл явагдаж эхэлжээ.
11. Дүрэмт хувцас оёх ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцаж байгаа. Тэр дундаа, сүүлийн өдрүүдэд хэвлэлийн хуудаснаас салахаа байсан Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тус ажлыг ахалж байгаа юм.
12. Сурагчдад нийт 900 мянган метр урт даавуугаар хувцас оёж байгаа. Дүрэмт хувцасыг хонины ноос орсон, нэмүү өртөг шингэсэн даавуугаар оёж байгаа тул хуучнаас харьцангуй үнэтэй.
13. Шинэ дүрэмт хувцас нь 120-130 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байна.
14. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дүрэмт хувцасны үнэ 10-24 мянган төгрөгөөр илүү нэмэгдсэн энэ юм. Шинэ дүрэмт хувцас хүүхдийн арьсанд харшил үүсгэхгүй, хөлсийг гадагшуулж агаарын солилцоог нэвтрүүлдэг, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, угааж арчихад хэлбэрээ алдаж агшиж сунахгүй, будаг гардаггүй аж.
15. Сурагчийн дүрэмт хувцас нь үндсэн болон туслах гэсэн иж бүрдэлтэй. Үндсэн хувцсанд эрэгтэй сурагчдын хувьд өмд, костюм орж байгаа юм. Туслах хувцсанд нь сорочкан цамц, ноосон цамц, зангиа зэрэг орно. Эмэгтэй сурагчдын хувьд ч адилхан аж. Хавар намар, өвөл өмсөх боломжтой.
16. Чанарын хувьд сорочкан цамц нь гэхэд хөвөн нь 70 хувиас ихгүй, биед эвтэйхэн, амархан үрчийдэггүй, агаар салхи сайн нэвтэрдэг байна. Бусад хувцасны хувьд ч сайн чанарын эдэлгээ даах чадвартай аж.
17. Эмзэг бүлгийн, гурваас дээш хүүхэдтэй айлд хөнгөлөлт үзүүлнэ. Гэхдээ энэ талаар одоохондоо эрх бүхий байгууллагууд нь ярилцаж байгаа аж.
18. Сурагчийн шинэ дүрэмт хувцасыг маргааш өдрийг дуустал Улаанбаатар хотод нийт 16 цэгээр дамжуулан борлуулалж байгаа аж.
19. Эцэг ,эхчүүд хүүхэддээ өөрсдийн сонгосон иж бүрдлийг өмсгөн тааруулж үзээд материалын эдэлгээний чанарт хяналт тавьж шаардлага хангаж байгаа тохиолдолд худалдан борлуулах цэгүүдэд ажиллаж байгаа ХААН банкны теллерүүдэд төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар төлж дүрэмт хувцасаа авах юм байна. Мөн хүүхдийнхээ регистрийн дугаар, сургуулийн нэр, ангийн дугаарыг мэдсэн байх шаардлагатай.
20. Нэмэлт шинэ загварын дүрэмт хувцас өмсөх хүсэлтэй сургууль, эцэг, эхчүүдийн хүсэлтийг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө биелүүлэх аж.
21. Ирэх есдүгээр сарын 10-ны дотор хөдөө орон нутгийн нэгдүгээр ангийн сурагчдыг дүрэмт хувцсаар хангана.
22. Харин ирэх сарын 15-ны дотор Улаанбаатар хотын II, III ангийн хүүхдүүдийг дүрэмт хувцсаар хангах гэнэ. Том ангийн хүүхдүүдийг ирэх арваннэгдүгээр сард дүрэмт хувцасаар нь хангах юм байна.
23. Шинэ хувцсыг заавал сонгож өмс гэсэн шаардлага, тулгалтыг хийхгүй гэж байгаа ч хөдөө орон нутгийн сургуулиудтай бүгдтэй гэрээ хийж, ханган нийлүүлэлтийг хийхээр болжээ.
24. Доод тал нь хоёр жил, цаашилбал дөрвөн жил ч өмсч хэрэглэх чанарын баталгааг үйлдвэрлэгч нарын зүгээс олгож байна. Мөн эдэлгээг удаан байлгах зорилгоор ноосон цамцны тохойд даавуун нөхөөс оёсон бол цамцны дотор талын зах болон ханцуйн хэсэгт элэгдэлтийг багасгах зорилгоор эрээн даавуугаар оруулга хийжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (23)