Айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хүч үзэхээр болсон УИХ-ын гишүүн, даян аварга Б.Бат-Эрдэнэ бол монолчуудын танил хүн. Тэрбээр хамгийн олон удаа наадмын түрүүг авч байсан бол өдгөө улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон нь түүнийг олны анхаарлын төвд авчраад байна.
1. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болзол хангаад буй Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ жил 49 настай. Тэрбээр 1964 оны 6 сарын 7-ны өдөр мэндэлжээ.
2. Түүнийг "Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат" гэж нутаг усаар нь олон жил цоллосон нь бидний чихэнд хоногшсон. Тэрбээр Хэрлэн голын хөвөөнд 1960-аад оны хүүдүүдийн жишгээр хурга ишиг хариулж, бөх барилдаж өссөн гэж өөрөө дурсан ярьдаг. Гурван эгч, нэг ахтай.
3. Аав Бадмаанямбуу нь хүүгээ дагуулаад бөх үзэх дуртай байсан нь түүнийг бөх болоход нөлөөлжээ. “Бөх болох хүсэл зоригийг аав минь өгсөн” гэж дурссан байдаг.
4. Б.Бат-Эрдэнэ аварга үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо бөхийн хэд хэдэн төрлөөр хүч сорьж явсан. Тэрбээр наадмын ногоон дэвжээнд 12 удаа түрүүлснээс гадна самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга цол авсан юм. Түүний улсын наадмын амжилтын эвдсэн хүн одоогоор гараагүй байна.
5. Б.Бат-Эрдэнэ бол хамгийн их сүсэг бишрэлтэй хүмүүсийн нэг. IX Богдыг Гандантэгчилэн хийдэд залахад очиж мөргөж, адис авч байсан тэрбээр Богдыг жанч халахад мөн л ихэд сэтгэлээр унаж буйгаа мэдэгдэж байсан. Өнгөрсөн жил XIV Далай ламын Монголд хийсэн айлчлалыг зохион байгуулахад оролцож байсан юм.
6. 2004 онд Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон. “Биеийн тамирын салбарынхан болон нутгийнхан нь санал тавьсны дагуу би улс төрийн амьдралд орсон” гэж улс төрийн гараагаа тайлбарладаг.
7. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МУИС-ийн хууль зүйн сургуульд докторантурт суралцаж, биеийн тамирын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байжээ. 2003 онд УИХ-аар биеийн тамирын тухай хуулийн төслийг боловсруулахад биечлэн оролцсон.
8. Б.Бат-Эрдэнэ сонгуулийн түүхэнд хамгийн хачирхалтай сурталчилгааны хуудас гаргаж байсан юм. 2004 оны сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшиж байсан Да.Ганболд түүнтэй хамт авахуулсан зургаа сурталчилгааны хуудасныхаа нүүрэнд хэвлүүлжээ. Гэтэл тун удалгүй Б.Бат-Эрдэнэ мөн л энэ тойргоос нэр дэвших нь тодорхой болсон. Энэ нь өрсөлдөгчид нэг сурталчилгааны хуудсанд гарсан сонин тохиодол болжээ.
9. Тэрбээр УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны тун идэвхитэй гишүүн. Байгаль орчин, ашигт малтмалын лицензтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөлд оролцсон.
10. Түүнийг нам дотроо багийн биш, ганцаарчилсан тоглолттой гэдэг. Тэрбээр МАН-ын бусад гишүүдээс зөрж, тэмцсээр "урт нэртэй хууль"-ийг батлуулж чадсан. МАН-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. 2011 оны намар “Оюу толгойн гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан.
11. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг нэр дэвшинэ гэх яриа гарахад зарим хүн инээж байв. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн намраас хойш пи-араа бага багаар хийсээр намын Бага хурлын гишүүдийнхээ дэмжлэгийг авав.
12. Түүнтэй санал хураалтаар хоёр удаа тэнцээд есөн хүний саналаар ялагдсан МАН-ын дарга Ө.Энхтүвшин "Арслан Д.Мөнх-Эрдэнэ аварга Б.Бат-Эрдэнэтэй хоёр удаа харанхуй болтол барилдсан. Би аваргатай хоёр удаа хайнцлаа" гэв.
11. 2008 онд УИХ-д дахин сонгогдсоноосоо хойш дахин бөхийн дэвжээнд зодоглоогүй. Гэсэн ч ажлынхаа зав, зайгаар Төрийн ордны коридорт өглөө, өдөр гээд тогтмол дасгал хийдэг.
13. Тэрбээр монгол үндэсний хоолыг илүүд үздэг. Хөдөө гадаа, нар салхинд явж байх үедээ гэрийнхэндээ элэг, сэмжээр сайхан сорс хийнэ, шорлог, мах шарж өгдөг гэдэг. Харин гэртээ гурилтай шөл хийж, мах чанаж, хийцтэй цай чанах дурта гэж ярьсан байдаг.
14. Түүний гэргий Б.Болормаа нь бөхийн удамтай эмэгтэй. Философийн багш мэргэжилтэй ч волейболын спортоор түлхүү хичээллэж, спортын мастер цолтой болсон. 1964 оны 6-р сарын 15-нд төрсөн. Б.Болормаагийн Аав нь Хэнтий аймгийн Батноров сумын улсын заан Барамсай гэж хүн байсан. Барамсай заан Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхийн дэвжээнд гаргасан хүн юм. Харин төрсөн ээж Норжмаа нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумгийн Хурцарслан Бадамсэрээжидийн дүү охин аж.
15. 1984 оны үед ирээдүйн хадам аав Барамсай заан Б.Бат-Эрдэнэтэй анх уулзаж бөх болох хүүхэд байна гэж зодог, шуудгаа тайлж өгчээ. Түүнийг дагуулан аймаг, сумын наадам хэсч, бөхийн мэх, дэвээ шаваа зааж өгдөг байсан ч хожим нь санаандгүй байдлаар хүргэн нь болсон гэдэг.
16. Б.Бат-Эрдэнэ, Б.Болормаа нар 1985 онд нэгэн тэмцээний үеэр танилцаж, 1987 онд гэрлэжээ. Б.Баярмаа, Б.Бурмаа, Б.Сугармаа гэсэн гурван охинтой.
17. Тэрбээр улсын наадамд хоёр ч удаа хөлний бэртэлтэй байхдаа зодоглож байжээ. Тухайлбал, 1996 онд Атлантын олимпийн оноо цуглуулах Германд болсон барилдаанд хөлөө хүнд гэмтээсэн байв. Шагай нь мултарч, хөлний яс нь цуурч хүд бэртэл авсан байжээ. цууран гурван сарын туршид хэвтэж байхдаа хэвтрийн хатгаа тусч байжээ. Тэр жилдээ улсын баяр наадамд барилдаж Мөнх-Эрдэнэ арслантай үзүүр, түрүүнд үлдэж дөрвөн цаг барилдсаны эцэст түрүүлж байсан юм. Түүний урьд жил бас хөлдөө бэртэлтэй байсан гэдэг.
18. Б.Бат-Эрдэнэ аварга бол олимпын аварга Н.Түвшинбаярын анхны багш. Тэрбээр шавиа “Ёс жудагтай, даруу төлөв залуу” гэж тодорхойлсон байдаг.” Н.Түвшинбаярыг олимпын аварга болоход өөрийн эрхгүй нулимс гарч байсан” гэж ярьсан удаатай.
19. Тэрбээр жилийн 19 сая 470 мянган төгрөгийн орлоготой бөгөөд гэр бүлийн бусад гишүүд нь өнгөрсөн жил 14 сая 80 мянган төгрөгийн орлого олжээ. /2008 оны АТГ-ын мэдүүлэг/
20. Тэрбээр “Буудайн цацал” /20%/, “Атар чандгана” /51%/, “Атар чандгана сүү” /14%/ компаниудад нийт 40 сая 500 мянган төгрөгийн хувьцаа эзэмшдэг. Хадгаламжиндаа 30 сая 422,6 мянган төгрөгтэй, 10 сая төгрөгийн нэг эзэмшил газартай гэж мэдүүлсэн байна.
21. Даян аварга Б.Бат-Эрдэнэ бол УИХ-ын гишүүд дундаасаа хамгийн олон малтай нь. Хамгийн олон хурдан удмын адуутай нь. Түүний нэр дээр 400 бод, 3100 бог, 20 хурдан удмын адуу байдаг. Эдгээр нь нийлээд 182 сая төгрөгөөр үнэлэгджээ.
22. Тэрбээр 2008 оноос хойш бөхийн дэвжээнд зодоглоогүй.
23. Б.Бат-Эрдэнийг намаасаа хамгийн нэр цэвэр нь гэж гишүүд нь үзжээ.
24. Б.Бат-Эрдэнэ аваргын фенүүд нь орон нутгийн сонгогчид тул басч болохгүй өрсөлдөгч юм. Ирэх сонгуульд түүний хамгийн сайн "зэвсэг" нь Оюутолгойн гэрээний асуудал байж магадгүй гэж таамаглаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)