Өнгөрсөн долоо хоногт менингококкт халдвараар гурван нярай эндээд байна. Тиймээс агаар дуслын замаар халддаг энэ аюулт өвчнөөс сэргийлэх, хэрхэн эрт оношлох талаар зөвлөмжийг багцлан хүргэж байна.
1. Менингококкийн халдварт өвчтөнд хийсэн судалгаанаас үзэхэд эмчид оройтож үзүүлэх, дур мэдэн өөрсдөө эм уух, өвчин хүндэрч даамжирсны дараа хугацаа алдаж эмнэлгийн тусламж авч байгаа нь өвчин хүндрэх, улмаар амь нас эндэх шалтгаан болж байна.
2. Дархлаа нь сул байдагтай холбоотойгоор бага насны хүүхдүүд энэ өвчний халдвар авах хамгийн эрсдэлтэй байдаг. Манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84 хувь нь 0-14 насныхан байдаг.
3. Дархлаа суларсан үед нян нь хамар залгиураас гадагшлан цусанд орох үед менингококкеми /цус үжих/ гэдэг хүүхдийн хамгийн аюултай халдварт өвчнүүдийн нэг үүсдэг аж.
4. Менингококк нь тархи, нугасыг гэмтээвэл менингит үүснэ. Ийм үед менингококк нь гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Ингэхдээ хамар залгиураар үнэрлэх мэдрэлийн замаар дамжиж, эсвэл цусаар дамжин төв мэдрэлийн системд нэвтэрдэг байна.
5. Менингит нь чичрүүдэс хүрэх, огцом өндөр халуурах /38-39/, хөөрлийн байдалдт орох, тайван бус болох, татагнах шинж тэмдэгээр эхэлнэ.
6. Толгой маш хүчтэй өвдөх, дотор муухайралгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэмтгий болно.
7. Улмаар гэрэл, дуу чимээнд хэт мэдрэмтгий, цочимтгой болох шинж тэмдэгтэй.
8. Эхний хоногийн сүүлээс менингитийн шинж тэмдэг илэрнэ, үүнд: дагзны булчин хөших, Кернигийн шинж тэмдэг буюу өвдгөөр нь нугалсан хөлөө тэнийлгэж чадахгүй байх,
9. Мөн халуундаа дэмийрэх, шөрмөс татах, үе мөч салаглах шинж тэмдэг илэрч болзошгүй
10. Харин хөхүүл хүүхдийн зулай нь товойж, чангарах, лугшихаа болих шинж илэрч магадгүй.
11. Өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь өвчний 2-5 дахь өдөр нь их хэмжээний үсэрхийлсэн тууралт, арай цөөн тохиолдолд бэржрүүт тууралт /жижиг цус хуралт/ гарна. Тууралт нь од хэлбэртэй, үе мөчний их биенээс хол хэсэгт, өгзөг, их биеийн хажуу хэсэгт гарна.
12. Далд үе нь гол төлөв 2-10 хоног үргэлжилнэ.
13. Менингококкт халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрнэ.
14. Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илэрэхэд хоолны хордлого, тархины доргилт гэх мэтээр андуурч эмчилгээг буруу хийснээс хүндрэх нь олонтаа.
15. Халуурах шинжийг бусад шинжтэй уялдуулан үзэхдээ илэрч буй ганц нэг шинжээр бус тухайн хүнд үүссэн бүх шинж тэмдгийг цогцоор нь ажиглаж тэдгээрийн хоорондын уялдаа холбоог зөв тогтоож онош тавих шаардлагатай.
16. Нэн түрүүнд, хамар, хоолойн цочмог болон архаг үрэвслийг эм¬чийн заавраар бүрэн гүйцэд эмчлүүлэх нь чухал юм. Учир нь энэ төрлийн өвчтэй бол менингококкт халдварыг тээх эрсдэл өндөр байдаг юм байна.
18. Энэ өвчин агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх. Цэвэр агаарт тогтмол гаргаж байх. Ингэхдээ хүүхдэд заавал малгай, ороолтыг нь өмсүүлэх ёстой.
19. Дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц өгөх.
20. Сармисыг угааж цэвэрлээд чанахгүйгээр хоолондоо түлхүү хэрэглэх бөгөөд өглөө, оройд сармисны ханд хэрэглэх нь үр дүнтэй. Үүний тулд 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа хоолойгоо зайлна.
21. Мөн нимбэгний уусмал, царван, сод, давсны уусмалуудын аль нэгээр хоолойгоо зайлж байх хэрэгтэй. 2 хувийн содын уусмал 100 мл бүлээн усанд 2 гр сод хийж найруулаад 1 минут болгоод хэрэглэнэ. - 5 хувийн давсны уусмал: 100 мл усанд 5 гр хоолны давс, жамц давсны аль нэгийг хийж найруулан хэрэглэнэ.
22. Хамар хоолойны цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх.
23. Өрөөнд байнга цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэлэгээ хийж байх нь энэ өвчнөөс сэргийлэх зөв арга. Агааржуулалтыг 2 цаг дутамд 15 минутаас доошгүй хугацаагаар хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийж хэвших
24. Европын судлаачдын хийсэн судалгаагаар менингококкт халдвараар өвчлөгсдийн 4 хувь нь ямар нэгэн үлдэцтэй эдгэрдэг байна. Англи улсад уг халдвараар өвчлөгсдийн 5 хувь нь үлдэцтэй, мэдрэлийн хүндрэл голлон дүлийрэл, 2-5 хувь нь арьсны хүнд үхжил, мөчдийн цусан хангамжийн дутагдлын улмаас арьс нөхөх, мөчдийг тайрах мэс засал хийгдсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)