Монголын эдийн засгийг дэлхийн анхааралд оруулаад байгаа Оюутолгой ордын гэрээ монголчуудад ашиггүй болсон гэдэгт анх удаа төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд санал нийлж, чуулганаар хэлэлцлээ. Оюутолгойн гэрээнд ямар “но” нуугдаж байгаа талаар хэн, юу гэв?
1. Манай аудитын шалгалтаар Оюутолгойд тэрбум долларын асуудал үүсчихсэн байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь далд уурхай ажиллаж эхэлснээр 14.6 тэрбум ам.доллар байхаар ТЭҮЗ-д тусгасан байгаа. Гэтэл одоо энэ нь 24 тэрбум ам.долларт хүрэхээр өсгөсөн тооцоо гаргасан байдаг юм. Тоог ингэж өөрчилж буйг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, нөгөө талаар нь энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг
3. Оюутолгойгоос босгосон мөнгөөрөө бусад төслөө санхүүжүүлэх гэж байгаа нь дэндүү даварсан үйлдэл. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
4. Оюу толгойг удирдаж байгаа дарга нар дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардал гаргаж Монгол Улсад ажиллаж байна. Үүнийг бид хүлээж авахгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
5. Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан тооцоогоор бол хувьцааны санхүүжилт хоёр тэрбум, хүү нь 705 сая доллар болоод байна. Дээрээс нь жил бүр хүү бодогдоно. “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг
6. ТЭЗҮ өөрчлөгдсөн нөхцөлд Эрдэс баялгийн зөвлөлд хандах ёстой гэдгийг Монгол Улсын хуульд ч, “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд ч заасан. Гэвч хөрөнгө оруулагчид энэ үүргээ биелүүлээгүй. Нэг удаа ойлгомжгүй тайлбар өгсөн байсан. Түүнийг нь буцаасан юм билээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг
7. “Оюутолгой”-д Монгол Улс хууль ёсныхоо байр суурийг эзлэе. Асуудал шийддэг анхаарал татдаг хэлтэс бий, түүнд нь монгол хүнээ оруулъя. Бүх төвшинд нь монгол хүн оролцдог болох цаг нь болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
8. Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг өөр компани эзэмшиж байгаа нь уурхайгаас олох ашгийн 30 хувиа алдах эрсдэл дагуулж байгаа тул тус лицензийг эргүүлэн авч, хөрөнгө оруулагчид шилжүүлэх шаардлага үүсч байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг
9. “Оюутолгой” компанид удаа дараа шаардсаны эцэст өнгөрсөн оны сүүлээр хүлээж авсан., Ажлын цар хүрээ өөрчлөгдсөнөөс болж 973 сая төгрөгийн хэтрэлт гарсан гэж тайлагнасан бол стандартад шилжүүлэхэд 72 сая ам.доллар, бүсийн хөгжлийн төлөвлөлтөд 49 сая ам.доллар хэтэрсэн гэж гарсан. “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг
10. Энэ төслийн бүх санхүү, бараа ажил үйлчилгээний төлбөр Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжих хэрэгтэй. Бээжинд ч юм уу хаа нэгэн газар суучихаад ханган нийлүүлэлтийн асуудлыг шийдэж байж болохгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
11. Хоёр талаас байгуулсан гэрээнд орон нутгийн хот төлөвлөлттэй холбоотой асуудлыг анхнаасаа тусгаагүй гэдэг зүйл ярьж ирсэн” гэлээ. “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн П.Цагаан
12. Санхүүгийн хэлтсийн удирдлагад монгол хүн орох ёстой. Бараа бүтээгдэхүүн худалдан авалт, борлуулалтын хэлтэс, гэрээ эрх зүй, төслийн үйлчилгээний газар гээд монгол хүн боломжтой бүх удирдлагад оролцох хэрэгтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
13. Менежментийн төлбөрийг өмнө нь Ivanhoe Mines компани зарцуулж байсан, одоо Оюу толгой компани авч зарцуулах юм. Ямар компанид шилжүүлэх юм бэ, гэрээгээ аваад ирээч гэсэн боловч өнөөг хүртэл үзүүлээгүй байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг
14. Сая ажлын хэсгүүд уулзсан юм. Тэгээд өгсөн зүйлд “Банкаар 6 тэрбум доллар босгоё. Дөрвийг нь Рио Тинто буцааж авна” гэж бичсэн байна. Үлдсэн 2 тэрбум долларыг хөрөнгө оруулалтад ашиглана. Нийтдээ хөрөнгө оруулалтын эх үүсвэр 7,1 тэрбум хэрэгтэй. Түүнээсээ 2 тэрбумыг хасаад цаана нь дахиад 5,1 тэрбум доллар хэрэгтэй гэж бас бичээд албан ёсоор өгчээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
15. “Миний суудаг өрөөний цаана том самбар дээр “Оюутолгой төслийн 71 хувийн ашгийг монголчууд хүртээд 21 хувийг хөрөнгө оруулагчид хүртэнэ” гэсэн реклам тавиад байхаар нь би энэ тухай төвөөс ирсэн даргад нь матсан. Иргэд намайг бичүүлсэн гэж ойлгоод байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг
16. Хамгийн ойлгомжгүй нэг зардал нь хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа удааширснаас 500 сая ам.доллараар хэтэрсэн гэсэн. Уг нь гүйцэтгэл сайн байсан гээд байгаа. Тэгсэн атлаа ажиллах хүчнийг буцаах тараах зэрэг ажил гарсантай холботой энэ хэмжээний зардал гарсан гэж буй юм. “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг
17. Зардал гаргаад бараа нийлүүлж, үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийг ил тодоор зарлах хэрэгтэй. Хэдэн долларын ажил үйлчилгээ нийлүүлэх юм, ямар шалгуураар шалгарсан юм, гадаадынх уу, дотоодынх уу гэдгийг ил болгох хэрэгтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
18. Мөн нэгжийн зардлын өсөлт, тээврийн зардлын өсөлт 30 сая, үнийн өсөлт 184 сая ам.доллар болж байгаа гэсэн тайланг “Оюутолгой” компани талаас гаргаж өгсөн” гэв. Ц.Сэдваанчиг
19. Оюутолгой” компанийн анхны хөрөнгө оруулалт анх гэрээнд зааснаасаа хоёр тэрбум ам.доллараар өсчихөөд байгаа тул ТУЗ-ийн гишүүдийн зүгээс энэ асуудлаа тодорхой болгохыг шаардсан. Гэвч тайлангаа тавиагүй. Тиймээс бидний зүгээс 2013 оны төсвийг баталж өгөхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гурван өдөр хуралдсаны эцэст 2013 оны төсвийг нь бүхэлд нь батлалгүй зөвхөн нэг, хоёрдугаар сарынх нь төсвийг баталж өгснөөр ажил явж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг
20. Энэхүү төсвийн нэмэлт хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум доллар байгаа тохиолдолд 2019 оноос ногдол ашгаа авах ёстой. Одоо хөрөнгө оруулагч талын хувьд энэ тоо 24.4 тэрбум доллар болж өөрчлөгдсөн учир багаар бодоход долоон жилээр хойшлох юм. Ингэснээр таны хэлснээр 2033 он болж хойшлогдсон гэсэн үг. Уул уурхайн сайд Д.Ганхуяг
21. Таван толгой дээрээ л цахилгаан станцаа барья. Үүнд Оюу толгой компани оролцвол оролцог. Гэхдээ 51 хувиас дээш биш. Таван толгой дээр барьсан цахилгаан станцаас цахилгаанаа авна биз. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
22. Баяжмалын үйлдвэр баригдсанаар анхны хөрөнгө оруулалт дууссан байх ёстой. Баяжмалын үйлдвэрийн барилгын ажил дууссан. Одоо туршилтын ажиллагаа явуулж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг
23. Зардал өссөнөөс манай талын хүртэх хувь буурч байгаа, төслийн дагуу хөрөнгө оруулалтаа хийхийг л бид хүсч байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг
24. Стратегийн хөрөнгө оруулагч өөрчлөгдөхгүй. Нэг үгээр хэлбэл, Рио Тинто өөрчлөгдөхгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Сэтгэгдэл (12)