1. Д.Батхуяг 2009 оны гуравдугаар сарын 11-нд Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газрын даргаар томилогдож байв.
2. Гэвч түүнийг хууль бус 192 лицензийг олгосон хэмээн 2011 оны хоёрдугаар сарын 17-нд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгав. Удалгүй түүнийг хэргийг тус оны гуравдугаар сард АТГ-т шилжүүлсэн.
3. Тухайн үед тэрээр “Намайг 2009 оны гуравдугаар сарын 11-нд энэ ажилд томилсон цагаас эхлэн хэд хэдэн газраас шалгасан. Энэ асуудал хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдэгдэх байлгүй" гэсэн тайлбар өгч байлаа.
4. Гэвч түүнийг шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь бууруулж, орных нь хүнийг томилсон.
5. Харин хэргийг АТГ-аас долоон сар шалгасны эцэст 192 лиценз хууль бусаар олгосон нь тогтоогдоогүй хэмээн 2011 оны есдүгээр сард хэрэгсэхгүй болгосон байдаг.
6. Хэдийгээр уг хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч 2012 оны дөрөвдүгээр сарын сүүлээр АТГ-аас түүнийг дахин шалгаж эхлэв.
7. Энэ удаад авилгал хээл хахуул, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгажээ. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон. Мөн “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь дууссан байсныг АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргатал АМГ-ын дарга Д.Батхуяг тэдгээр таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.
8. Түүнчлэн АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргалсайхан гэгчид лицензийн зөвшөөрлийг шилжүүлсэн гэдэг. Хууль бусаар шилжүүлсэн энэ лиценз нь 5261 улсын бүртгэлийн дугаартай 72000 гектар газарт 42 сая тонн нүүрсний нөөцтэй, 2010 оны үнэлгээгээр хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй газар байжээ.
9. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
10. Мөн түүний хэрэгт “South Gobi Sands” компанийн хуулийн зөвлөх Австралийн иргэн Сара Армстронгийг шалгаж, гурван удаа байцаалт авсан байдаг. Гэвч Д.Батхуягийн хэрэгтээ холбогдохгүй нь нотлогдсон учир түүнийг нутаг буцаасан юм.
11. Мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийн гэмт хэрэг нь нотлогдож эхэлсэн тул өнгөрсөн оны тавдугаар сард яллагдагчаар татсан. Нэгэнт яллагдагчаар татсан тул тус сарын 7-ны өдрөөс эхлэн түүнийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулав.
12. Яг энэ үед тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хөвсгөл аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан ч ийнхүү талаар өнгөрсөн юм.
13. Нэгэнт хуулийн байгууллагаар шалгагдаж хоригдсон Д.Батхуягаас намынхан нь нүүрээ бууруулж, Хөвсгөл аймагт нэр дэвших орных нь хүнийг сонгож, сонгуулийн ажлаа эхэлсэн байдаг.
14. Яллагдагчаар татах хугацаанд 14 хоног саатуулдаг. Харин түүний 14 хоногийн хугацаа дуусч, суллагдах байсан боловч түүний хугацааг сунгаснаар өнөөдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид байгаа билээ.
15. Саатуулагдаж байх хугацаанд түүнийг өлсгөлөн зарлана гэх мэдээлэл цацагдаж байв. Харин үүнд тухайн үед ажиллаж байсан АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр “үгүй” гэсэн хариулт өгч байлаа.
16. Түүнийг саатуулагдаж байхад УИХ-ын гишүүн Ж.Батзандан очиж уулзаж байв. Ж.Батзандан АН-ых, Д.Батхуяг МАН-ын гишүүн билээ.
17. Мөн уг хэрэгт хамааруулан түүний туслахаар ажиллаж байсан Н.Баатарцогтыг ч эрэн сурвалжилж байв.
18. Түүний хэргийг зургаан сар шалгасны эцэст өнгөрсөн сарын сүүлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн.
19. Харин Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэв.
20. Шүүх хэрэгтээ танилцаж, энэ сарын 14-нд шүүхээр болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, энэ сарын 28-нд боллоо.
21. Энэ сарын 28-нд эхэлсэн шүүх хурал гурван өдрийн турш цагдан хорих 461 дүгээр ангийн шүүхийн танхимд үргэлжлэв.
22. Гурван өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлаар түүнийг 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зерчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын /АМГазар/ хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, таван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
23. Гэвч тэрээр шүүхийн шийвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдээд буй.
24. Д.Батхуягийг Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэдэг. Тиймдээ ч уг хэргийн цаана С.Баяр бий. С.Баяр Д.Батхуягаар “туг тахилаа” гэх яриа гарч эхлээд буй. Мөн С.Баярын эх орондоо ирэхгүй байгаа учир нь энэ хэрэгтээ холбоотой хэмээн үздэг.
Б.Чимэг
Сэтгэгдэл (18)