24tsag.mn-ийн “24 баримт” булан зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэгийн түүхээр үргэлжилж байна. Түүнийг уншигчид олон арван өгүүллэгийн номоор нь андахгүй. Өнөө цагийн Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Б.Шүүдэрцэцэгийн 24 баримтыг хүргэж байна.
1. Зохиолч Б.Шүүдэрцэцэг өнгөрсөн баасан гаригт 42 нас хүрсэн. Тэрээр төрсөн өдрөөрөө “Ану хатан” киноныхоо нээлтийг хийж ховорхон тохиох мөчөө үзэгч, уншигчидтайгаа хамт өнгөрүүлсэн юм.
2. Түүний жинхэнэ нэрийг Баатарсүрэнгийн Тогтохбаяр гэдэг.
3. Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуулийн төгссөн.
4. Дунд сургуулиа төгсөөд Эрхүүд суралцаж байсан. Орост суралцаж байхдаа том охиноо төрүүлж байсан.
5. 1995 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөн.
6. 1997 онд М.Энхсайханы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед хүмүүс түүнийг Б.Тогтохбаяр нэрээр нь дууддаг байв.
7. Түүний нөхөр Д.Болдхуягийг нийтлэлч, пи-арч гэдгээр нь хүмүүс мэддэг. “Зууны мэдээ сонин” эрхлэгч, засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, “Шууд” телевизийн захирлын албыг хашиж байсан. Б.Шүүдэрцэцэг нөхөртэйгээ 22 жилийн өмнө хуримаа хийж байжээ. Тэд арван жилд нэг ангид сурч байжээ.
8. Д.Болдхуягийнх Б.Амина, Б.Анхилмаа, Б.Анима гэх гурван охинтой. Б.Шүүдэрцэцэг охидуудаа 4, 5 нас хүртэл нь дэргэдээс нь холдоогүй, өөрөө л өсгөсөн гэдэг.
9. 2002 онд “Шар” сонинд Б.Шүүдэрцэцэг нэрээр зохиол бичих болсноор түүний бүтээлийг хүмүүс илүү мэддэг болсон аж. Зөвхөн “Шар” сонины уншигчдад зориулж л бичиж байсан өгүүллэгүүдийг нь уншигчид “Ном болгооч” гэдэг хүсэлт тавьж эхэлжээ. Тэр цагаас түүний номууд ар араасаа хэвлэгдэн гарсан гэдэг.
10. Нэрээ Б.Шүүдэрцэцэг болгож өөрчлөхийг пи-арч нөхөр нь зөвлөжээ.
11. Б.Шүүдэрцэцэгийн бичсэн олон арван сонирхолтой хайрын өгүүллэг, тууж байдаг. Түүний уншигчдын ихэнх хувийг өсвөр насны охид эзэлдэг гэнэ.
12. 2008 онд түүний бичсэн “Шүрэн бугуйвч” өгүүллэгээс сэдэвлэн “Шүрэн бугуйвч” киног хийжээ. Гол дүрд нь Шүүдэрцэцэг нэртэй охин тоглож байжээ.
13. Түүний онцлог гэвэл ном унших, юм бичих.
14. Түүнийг хүмүүс биеэ даасан, тууштай бодолтой нэгэн гэдэг. Жишээ нь тэрээр ямар ч үед эмэгтэйчүүдээ өмөөрч, өмөлзөж чаддаг. "Эмэгтэйчүүдийн эрх ба Монгол дахь феминизмийн дахин сэргэлт" гэх мэт сэдвээр судалгааны ажил хийдэг. Б.Шүүдэрцэцэгийн бүтээл туурвил ч эмэгтэй хүний алдар цууг мөнхлөхөд чиглэгддэг юм.
15. Хар, улаан өнгөнд дуртай.
16. Ланд 200 машин унадаг. Бас хувийн менежер, жолоочтой.
17. Домогт "Ану хатан" түүхэн романы нээлтээ 2010 оны 6 дугаар сард хийж байсан.
18. Харин “Домогт Ану хатан” драмын жүжгийн нээлтээ 2011 оны дөрөвдүгээр сард хийж байжээ. “Ану хатан” жүжгийн гол дүрийг СТА жүжигчин Ц.Баясгалан бүтээж байсан юм.
19. Жүжгээ дуусаад долдугаар сард нь “Ану хатан” киноны зураг авалтанд орж байжээ. Гэсэн ч бүтэн нэг жил зургаан сарын хугацаанд бүтээсэн “Ану хатан” кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм.
20. Эх болсон Монгол газар шорооныхоо хөрсөн дээр үхэж болно, ялагдаж болохгүй. “Ану хатан” киноны хамгийн үнэн басхүү хүмүүсийн зүрхэнд хүрсэн мессеж нь энэ байсан. Зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэг, найруулагч Т.Алтантуяа, гол дүрийн жүжигчин Д.Отгонжаргалыг хүмүүс үнэхээр "Браво" гэж байна.
21. “Ану хатан” киногоор дамжуулан монгол эмэгтэйчүүдээр бахархах бахархлыг түгээж чаджээ. Тус кино нь монголын орчин үеийн кино урлагт аль ч талаараа жинхэнэ тэсрэлт хийж чадсан бүтээл болжээ гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
22. Түүнийг хүмүүс огт оворгүй гэдэг. Зарим нь түүнийг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж ярьж, бичдэг ч тэрээр “Би биологийн хөгшрөлтийн эсрэг янз бүрийн зүйл хэрэглээгүй. Би маш прагматик хүн учраас аливаа зүйлийн агуулгыг шүтдэг . Тэгээд ч би монгол хүн. Монгол хүний ерөнхий шинжийг арилгаж, өөрийгөө өөрчлөөд байх шаардлага надад огт байхгүй” гэж хариулж байсан удаатай.
23. Тэрээр өөрийнхөө нэрээр нэрлэсэн “Шүүдэр” продакшнтай.
24. Тэрээр оны онцлох, лидер, оюунлаг гэсэн шилдэг эмэгтэй хүнд өгч болох бүхий л шагналыг авсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (60)