
99 сая жилийн настай хуванд хадгалагдсан чулуужсан үлдэгдэл эрдэмтдэд эртний шавжны ер бусын амьдралын хэв маягийг нээж өгчээ. Бараг 100 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүд дэлхий дээр амьдарч байх үед усны гадаргуу дээгүүр гүйж, сэлүүрдэн хөдөлдөг байсан өвөрмөц царцаа байсныг эрдэмтэд тогтоожээ.
Хятадын Нанжингийн геологи, палеонтологийн хүрээлэнгийн судлаач Чунпэн Сюй болон түүний багийнхан Мьянмараас олдсон 99 сая жилийн настай хуванд хадгалагдсан шавжны чулуужсан үлдэгдлийг судлах явцдаа энэхүү нээлтийг хийсэн байна.
Судлаачид нийт гурван ширхэг хуванд далавчгүй, бие нь харьцангуй богино боловч маш урт, нарийхан хөлтэй царцааны үлдэгдэл байгааг илрүүлжээ. Эхэндээ тэдгээрийг аалзтай төстэй үе хөлтөн эсвэл саваа шавж байж магадгүй гэж таамаглаж байсан ч нарийвчилсан шинжилгээгээр царцааны шинэ төрөл болохыг тогтоосон байна.
Эрдэмтэд уг шавжийг Hydrelcana zhangi хэмээн нэрлэж, өмнө нь шинжлэх ухаанд тодорхойлогдоогүй Hydrelcanidae хэмээх шинэ овогт багтаажээ.
Түүний урд хөлөнд ус түлхэхээс хамгаалдаг тусгай үс, хойд хөлний шилбэ хэсэгт навч хэлбэрийн сэлүүртэй төстэй бүтэц байжээ. Эдгээр онцлог нь шавжийг усны гадаргуугийн таталцлын хүчийг ашиглан хөвж, хойд хөлөөрөө ус сэлүүрдэн урагшлах боломжтой байсныг илтгэж байгаа аж.
Судлаачдын үзэж буйгаар энэ нь усны гадаргуу дээгүүр хөдөлдөг шавжны хувьслын түүхэнд урьд өмнө төдийлөн мэдэгдээгүй нэгэн жишээ юм. Өнөөг хүртэл усан дээгүүр явдаг шавжны хоёр үндсэн бүлгийг мэддэг байсан бол энэхүү олдвор гурав дахь бүлэг ийм чадварыг бие даан хөгжүүлснийг харуулж байна.
Сонирхолтой нь, өнөөгийн усны гадаргуу дээгүүр гүйдэг шавжнууд ихэвчлэн махчин эсвэл сэг зэмээр хооллодог бол эртний энэ царцаа амны бүтцээсээ харахад ургамлаар хооллодог байсан бололтой. Нэг ширхэг хуванд есөн царцааны үлдэгдэл хамт хадгалагдсан нь тэдгээр шавж бөөнөөрөө цуглан хооллодог байсныг ч илтгэж магадгүй байна.
Энэхүү судалгааны үр дүнг арваннэгдүгээр сарын 24-нд шинжлэх ухааны Proceedings of the Royal Society B сэтгүүлд нийтэлжээ.
Л.Баяр






















































