
Өмнөд Солонгосын зүүн эрэг орчмын Уллын аралд оршин суудаг иргэдэд арваннэгдүгээр сарын 24-ний өглөө агаарын довтолгооны аюулаас сэрэмжлүүлж, хоргодох байранд орохыг анхааруулсан байна. Энэ нь Оросын цэргийн нисэх онгоцууд тус улсын агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд нэвтэрч, арлын агаарын хилд аюултайгаар ойртсонтой холбоотой аж.
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, Оросын тав орчим цэргийн нисэх онгоц орон нутгийн цагаар өглөөний 07:40 цагийн орчимд Зүүн тэнгис дээгүүрх БНСУ-ын агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд нэвтэрчээ. Улмаар Уллын арлын хойд хэсэгт ойртсон тул Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин F-15K сөнөөгч онгоцуудаа хөөргөж, хариу арга хэмжээ авсан байна.
Цэргийн нисэх онгоцууд тус улсын нутаг дэвсгэрийн агаарын хилд нэвтрэхэд тун ойртсон гэж үзсэн тул эрх баригчид урьдчилан сэргийлэх зорилгоор өглөөний 07:52 цагт арлын иргэдэд яаралтай сэрэмжлүүлэг илгээж, газар доорх байгууламж болон барилга байгууламжид хоргодохыг зөвлөжээ. Гэвч Оросын онгоцууд аюултай бүсээс гарсны дараа ердөө гурван минутын дараа буюу 07:55 цагт сэрэмжлүүлгийг цуцалсан байна.
Гэхдээ уг үйл явдлын үеэр эрх баригчдын мэдээлэл хоорондоо зөрж, иргэдийн дунд төөрөгдөл үүсжээ. Тухайлбал, Хойд Кёнсан мужийн захиргаа эхний мэдэгдэлдээ Оросын онгоцыг Хойд Солонгосын нисэх онгоц гэж андуурсан байна. Улмаар 40 орчим минутын дараа залруулга гаргажээ.
Өмнөд Солонгосын тал Оросын нисэх онгоцууд улсынхаа нутаг дэвсгэрийн агаарын хилийг зөрчөөгүй гэдгийг онцолсон ч агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд урьдчилан мэдэгдэлгүй нэвтэрсэнд Москвагаас тайлбар шаардахаар болжээ. Мөн Оросын Элчин сайдын яамны цэргийн атташег дуудаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Агаарын довтолгооноос хамгаалах таних бүс нь тухайн улсын бүрэн эрхт агаарын орон зайтай адилгүй бөгөөд гаднын нисэх онгоцыг эрт илрүүлж, хянах зорилготой хамгаалалтын бүс юм. Орос улс Өмнөд Солонгосын тогтоосон уг бүсийг хүлээн зөвшөөрдөггүй байр суурьтай байдаг. Энэ нь Оросын цэргийн нисэх онгоцууд сүүлийн нэг долоо хоногт Өмнөд Солонгосын хамгаалалтын бүсэд нэвтэрсэн гурав дахь тохиолдол болж байна.
Л.Баяр






















































