
Олон улсын гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe-2026” тэмцээний 75 дахь удаагийн ялагч тодорч, Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето титмийн эзэн боллоо. Тэмцээний финалын шалгаруулалт арваннэгдүгээр сарын 24-нд Пуэрто Рикогийн нийслэл Сан-Хуан хотын Хосе Мигель Агрелотын нэрэмжит Колизейд болж, дэлхийн 116 улс, нутаг дэвсгэрийн гоо бүсгүйчүүд өрсөлджээ.
27 настай Женнифер Баррето финалын шатанд Доминиканы Бүгд Найрамдах Улсын төлөөлөгч Мелисса Нуньесийг тэргүүн дэд байрт үлдээж, Венесуэлийн Клара Вегас гуравдугаар байрт шалгарсан байна. Харин Филиппиний Беа Миллан-Виндорски, Шинэ Зеландын Жоржиа Уоддингтон нар шилдэг тавд багтжээ.
Энэ удаагийн тэмцээний ялагчийн хувьд Женнифер Баррето түүхэн амжилт тогтоосон нь гэрлэсэн бөгөөд хүүхэдтэй эмэгтэй анх удаа “Miss Universe” титэм хүртсэн явдал юм. Тэмцээний зохион байгуулагчид 2023 онд оролцогчдод тавих шалгуураа өөрчилж, гэрлэсэн болон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг өрсөлдөх боломжтой болгосон билээ.
Баррето сэтгэл судлал, нийгмийн ажлын чиглэлээр суралцсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн гэмтлийг даван туулах чиглэлээр нийгмийн ажил хийдэг аж.
Пуэрто Рикогийн хувьд энэ нь “Miss Universe” тэмцээний зургаа дахь титэм бөгөөд хамгийн сүүлд 2006 онд Зулейка Ривера тус улсын нэрийг дэлхийд гаргаж байв. Ийнхүү 20 жилийн дараа титэм эх орондоо эргэн ирлээ. Мөн 75 жилийн түүхтэй тус тэмцээний дараагийн буюу 76 дахь удаагийн шалгаруулалтыг 2027 онд мөн Пуэрто Рикод зохион байгуулахаар төлөвлөжээ.
Л.Баяр






















































