
Тайланд улсад үргэлжилж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг Amber Yuhan нэртэй Хятад эмэгтэй төлөөлөн оролцож байгаа талаар манай хэвлэлүүд мэдээлсэн. Энэ мэдээлэл сүүлийн өдрүүдэд Монголд олон нийтийн анхаарлыг татаж, зөвхөн тэмцээний хүрээнд бус, Монгол Улсыг төлөөлөх эрхийн асуудлаар маргаан дагуулж байна.
“Miss Grand International”-ийн албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan-ыг Монголын төлөөлөгчөөр бүртгэсэн бөгөөд 177 сантиметр өндөртэй, гоо сайхны салбарын бизнес эрхлэгч хэмээн танилцуулжээ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн гоо сайхны тэмцээнд оролцож байсан бөгөөд эмэгтэйчүүдийн эрх мэдэл, өөртөө итгэх итгэлийг дэмжихийг зорьдог гэж өөрийн танилцуулгад дурдсан байна. Мөн спортын ур чадварыг өөрийн давуу талуудын нэг гэж онцолжээ.
Түүний “Miss Grand International”-ийн танилцуулгад “Stop the War and Violence” буюу “Дайн, хүчирхийллийг зогсоо” гэсэн уриаг дэмжиж, “Peace and love” буюу энх тайван, хайрыг эрхэмлэдэг хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Мөн өөрийн үзэл санааг “4Bs” хэмээн тодорхойлж, биеийн гоо үзэсгэлэнгээс гадна оюун ухаан, бизнес эрхлэх чадварыг эмэгтэй хүний цогц хөгжлийн нэг хэсэг гэж үздэгээ бичжээ.
Харин Amber Yuhan-ийн нас, иргэншил, төрсөн газар болон Монгол Улсыг төлөөлөх болсон шалтгаантай холбоотой мэдээлэлд зөрүүтэй зүйл байна. Олон улсын тэмцээний албан ёсны хуудсанд эдгээр мэдээллийг дэлгэрэнгүй нийтлээгүй боловч Монголын зарим хэвлэлд түүнийг 24 настай, Хятад гаралтай буюу БНХАУ-ын иргэн гэж мэдээлсэн байна. Мөн тэмцээний үеэр өөрийн төрсөн газрыг Чиндао хот хэмээн танилцуулсан аж.
Ингэснээр гол анхаарал Amber Yuhan-ийн өөрийнх нь намтраас илүүтэй Монгол Улсыг ямар үндэслэлээр төлөөлж байгаа асуудалд шилжээд байна. Монголын загварын салбарын төлөөлөгч, мисс Х.Бадамгэрэл “Miss Grand International”-ийн зохион байгуулагчдад хандаж, түүнийг Монголыг төлөөлүүлэх болсон гэрээ, сонгон шалгаруулалт, үндэсний лиценз эзэмшигч болон иргэншилтэй холбоотой мэдээллийг тодруулах шаардлага хүргүүлсэн байна.
Гадаад харилцааны яам болон холбогдох төрийн байгууллагууд уг асуудлыг тодруулахаар Тайландын талд албан бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл мөн гарсан. Харин одоогоор “Miss Grand International”-ийн зүгээс Amber Yuhan Монгол Улсыг ямар шалгуур, гэрээний үндсэн дээр төлөөлж буй талаар дэлгэрэнгүй тайлбар нийтэд өгөөгүй байна.
Тиймээс Amber Yuhan-ийн талаар одоогоор баттай хэлж болох зүйл нь тэрбээр 2026 оны “Miss Grand International”-ийн албан ёсны бүртгэлд Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэгдсэн, 177 сантиметр өндөртэй, гоо сайхны бизнес эрхлэгч бөгөөд өмнө нь гоо сайхны тэмцээнүүдэд оролцож байсан бүсгүй юм. Харин Монголыг төлөөлөх эрхийн үндэслэл болон иргэншилтэй холбоотой асуудал нь албан ёсны тодруулга хүлээж буй хэвээр байна.
Л.Баяр
























































Сэтгэгдэл (1)