Энэ удаагийн 24 баримт булангаараа энэ онд олны анхаарлыг хамгийн ихээр татаж, дуулиант 24 дагуулсан хэргийг нэрлэж байна.
1. Энэ оны хамгийн их дуулиан дагуулсан хэрэг МАХН-ын дарга Н.Энхбаярынх байв. Баривчлагдсанаас нь авахуулаад Зайсангийн дамжин хорих анги руу шилжүүлсэн есөн сарын хугацаанд Н.Энхбаярын гэх тодотголтой хэргийг ард түмэн сонирхсон хэвээр.
Анх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд түүнийг 700 гаруй цагдаа баривчлан, Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьж, хэд хоногийн дараа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн, тавдугаар сард Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж, өнгөрсөн наймдугаар сарын 1-нд дөрвөн жилийн хорих ял оноов. Удалгүй наймдугаар сарын 17-ноос Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлж, бүтэн таван сарын турш эмнэлэгт хэвтэж байгаад энэ сарын 21-нд түүнийг Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих ангид хуваарилав. Мөн Улсын дээд шүүхээс түүний ялыг 2.6 болгон өөрчилсөн юм.
2. Н.Энхбаярын хэргээс дутахааргүй дуулиан дагуулсан хэрэг цагдаагийн экс дарга нарынх байв. “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, Сүхбаатар дүүргийн шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын ялыг дээд шүүхээс мөн хэвээр баталсан. Одоо тэд хорих ангид хуваарилагдан ялаа эдэлж байгаа билээ.
3. Мөн МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байсан “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АТГ-аас баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Гэвч түүнийг хоёр сар саатуулсаны эцэст сонгуулийн дараахан суллаж хэргийг нь хэрэгсэхгүй болгов.
4. Олны анхаарлыг зөвхөн албан тушаалтнуудын хэрэг татсангүй. Хойд эцэгтээ сэхээнд ортлоо зодуулсан долоон настай хүүгийн хэргийг олон нийт жигшин зэвүүцэж байв. Дэлгүүрээс юм зээлснийх нь төлөө долоон настай хүүгээ гурван цагийн турш зодож, сэхээнд оруулсан хойд эцэг одоо хоригдон шалгагдаж байгаа. Харин хүү ээжтэйгээ хамт байгаа юм. Уг хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан юм.
5. Хүүхэд халдлагад өртсөн хэрэг зөвхөн үүгээр дуусахгүй. Учир нь олныг сэртхийлгэсэн харамсалтай хэрэг өнгөрсөн есөн сард Баянгол дүүрэгт гарав. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгын бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 12 настай охины дээрээс нурж амь насыг нь хохироосон юм. 12 настай охин хичээлээ тараад ээж, эгч хоёртойгоо зам хөндлөн гарч яваад ийнхүү амиа алдсан юм. Хэргийг саяхан прокурорын хяналтад шилжүүлсэн билээ.
6. Гэтэл үүнтэй яг адилхан хэрэг хэдхэн хоногийн дараа гарав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын хажууд баригдаж байсан барилгаас төмөр унаж, 21 настай залуугийн амь насыг хохироосон юм. Уг хэргийг одоо АТГ-т шалгаж байгаа. Учир нь зөвшөөрөлгүй барилгыг үргэлжлүүлэн барих зөвшөөрлийг МХЕГ-ын байцаагч олгосон хэмээн үзэж байгаа юм.
7. Хүүхэд халдлагад өртөхөөс гадна өөрөө гэмт хэрэгтэн болсон хэрэг ч гарав. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүү ээжийнх нь талх аваарай гээд үлдээсэн 1000 төгрөгөөр дүү нь зайрмаг аваад идчихээр нь уур нь хүрсэндээ дөрвөн настай дүүгээ олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан билээ.
8. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сармисны хонхор гэх газарт “Аав байнга архи ууж биднийг зовоодог” гэх үндэслэлээр 15 настай М аавыгаа цээжинд нь дөрвөн удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав.
9. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт байшин барьж байсан хүмүүс хоорондоо маргалдаж, улмаар 32 настай Н-ийг 17 настай Ж гэгч нь найман удаа хутгалж хөнөөсөн хэрэг ч гарч байв.
10. Харин Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 15 настай охины хоолойг хэрчин хөнөөсөн хэрэг гарав. Хэргийг түүний хамаатны ах үйлдсэн байдаг. Гэвч тэрээр мөрдөн байцаалтын явцад оргон зугтаж, амиа хорлосон юм.
11. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрсэн дөрвөн залуу 15 настай охин Б-г нэгнийдээ аваачин хоёр өдөр дараалан хүчиндсэн хэрэг гарч байв.
12. Олны зэвүүцлийг хүргэсэн бас нэг хэрэг нь Ж.Нэргүйгийн хэрэг байв. Тэрээр хүн хүчиндэж хөнөөгөөд, цогцсыг нь жорлонгийнхоо нүхэнд хаясан хэрэг үйлдсэн билээ. Тиймээс Баянзүрх дүүргийн шүүхээс түүнд 20 жилийн ял оноосон юм. Тэрээр “Хүчиндчихээд явуулах гэсэн чинь хүнд хэлнэ гэхээр нь алчихсан. Шуудайнд хийгээд жорлон руу шидэхэд дуу нь гарч байсан. Тэгээд өтгөнд цогцос нь далдлагдахгүй болохоор хашаандаа байсан үртсээр булсан” хэмээн мэдүүлж байсан билээ.
13. Мөн А.Бат-Ялалтын хэрэг. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн юм. Н.Туяагийн нөхөр орж ирэх үед тэрээр нөхрийг нь буудаж, мөн банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн. Мөн гарч яваад таксины жолоочид буу тулгаж сүрдүүлсэн хэрэг үйлдсэн билээ.
14. Түүнчлэн энэ сарын 1-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Merdy” гэх буудалд буудлын ресепшн 24 настай эмэгтэй О-г боомилж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Хэргийг хувийн компанид ажилладаг Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Т гэгч үйлдсэн нь нотлогдсон юм.
15. Гэтэл 24 настай охин гадаад иргэний амийг хөнөөсөн хэрэг гарав. Тодруулбал, Ч.Баттуул гэгч нь өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ндАНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсан хэрэг үйлдсэн билээ. Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.
16. Олныг сэртхийлгэсэн аймшигт хэргүүдээс гадна олны зүрхийг өвтгөсөн нэгэн хэрэг гарав. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон гол гаталж явсан найман хүн усанд осолдсоноос ээж хүү хоёр алга болсон хэрэг юм. Тэднийг ОХУ-ны хил давсанаас хойш эрэн хайх ажиллагааг явуулж байгаад сүүлдээ зогсоосон билээ.
17. Мөн Энхтайвны гүүрэн дээр гарсан осол нэлээн дуулиан дагуулав. Тодруулбал, Энхтайвны гүүрэн дээр зорчиж явсан Lexus маркийн автомашин Isuzu wizard маркийн автомашинтай мөргөлдөж, осол болсон даруй Isuzu wizard шатсан юм. Ослын улмаас Isuzu wizard маркийн автомашины жолооч газар дээрээ нас барж, lexus-ын жолооч хүнд гэмтэн, эмнэлэгт хүргэгдсэн билээ.
18. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Ш.Алтанхуяг гэгч нь Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. Тэрээр осол гаргахдаа 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг.
19. Наадмын өмнөхөн олон хүний амийг авч мэдэхээр томоохон осол гарсан нь 40 тонны чингэлэг жижиг машин дээр унасан осол байв. “ТЭЦ-3”-ын ойролцоо явж байсан хүнд даацын авто машины ачаа хажуугаар явж байсан Prius-20 маркийн машин дээр унаж, жолооч нь нас барж, хоёр эмэгтэй хүнд бэртсэн билээ. Тухайн үед 40 тоннын чингэлэг дотор дүүрэн газ ачиж явсан юм. Азаар 40 тонны чингэлэг дотор байсан газ дэлбэрээгүй. Хэрвээ тэр олон газ ямар нэг байдлаар дэлбэрсэн бол онц аюултай осол болох байсан нь тодорхой.
20. Мөн Өмнөговь аймгийн Баяндалай суманд дөрвөн хүний аминд хүрсэн ноцтой осол гарав. Тодруулбал, тус суманд оршин суух О-гийн гэрийг 35 настай эрэгтэй А согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаад дайрсан байна. Улмаар гэрт байсан гурван эмэгтэй, арван настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
21. Түүнчлэн олны анхаарлыг татсан залилангийн хэрэг ч их гарав. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Украйн улсын иргэн 33 настай Сергей Дранович, 24 настай Юри Кравченко нар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас хуурамч карт ашиглан их хэмжээний бэлэн мөнгө залилан авсныг УМБГ-ын дөрөвдүгээр хэлтэс илрүүлсэн. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс Сергей Драновичид 10 жил 1 сар, Юрий Кравченкод 10 жил 2 сарын хорих ялыг оноосон юм. Тэд “Хаан” банкны карт уншигч машинуудаас хуурамч төлбөрийн карт ашиглан нийт 89.191.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан нь тогтоогдсон билээ.
22. Мөн Монголд хүүхэд барьцаалсан хэрэг өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт гарав. Гэмт этгээд тус аймгийн есдүгээр сургуулийн сурагч Б.Жанцандоржийг барьцаалж, эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн юм. Тэгэхдээ хүүхдийн дууг сонсгож, утсаа тасалсан байдаг. Харин хоёр хоногийн дараа хүүг гэрийнх нь үүдэнд орхисон билээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан хэрэгтнийг баривчлахад хэргийг хүүгийн хамаатны ах 29 настай Г.Энх-Од гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Тэрээр ТВ-12 телевизийн захирлаар ажилладаг байв.
23. Газтай холбоотой хэрэг их гардаг. Тодруулбал, Баянгол дүүрэг, III, IV-р хорооллын эцэст байрладаг "Хангай" зочид буудалд 14-18 насны зургаан хүүхэд газ үнэртэж байгаад дэлбэрэлтэнд өртсөн хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарав. Дэлбэрэлтэд өртсөн нэг нь эмэгтэй, тав нь эрэгтэй хүүхдүүдийн хоёр нь сэхээнд, биеийн байдал нь тааруу байгаа эмчлэгдсэн билээ.
24. Харамсалтайгаар амиа алдсан бас нэгэн хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарав. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уурхайчид цасны баяр тэмдэглэж, баярын нээлтийн үеэрээ хоёр салют буудуулсан байна. Гэтэл нэг салют нь дэлбэрч 20 гаруй насны залуугийн тархи нь задарч нас барсан хэрэг гарсан юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (11)