2012 оны шилдэг 24 эшлэлийг манай 24tsag.mn нэрлэж байна.
1. Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Бид хавтгайд нь яллаа”. Тэрээр Орон нутгийн сонгуулийн дараа ийнхүү хэлэв.
2. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “МАН хавтгайд нь хариу цохилт өглөө”. Тэрээр Н.Алтанхуягийг хавтгайд нь яллаа гэсний дараа энэ үгийг хэлэв. Тэрээр “21 аймгийн 9 аймагт нь МАН, 10 аймагт нь АН ялсан. Хоёр аймагт сонгуулийн дүн тэнцсэн. Нийслэлийн есөн дүүргийн дөрөвт нь МАН ялсан, дөрөвт нь АН ялсан байна. Нэг дүүрэг буюу Налайх дүүрэгт санал тэнцсэн” гэсэн юм.
3. МАХН-ын дарга Н.Энхбаяр: “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй”. Тэрээр энэ үгээрээ өөрийн номыг нэрлэж, нээлтээ 2012 оны дөрөвдүгээр сарын 16-нд хийсэн. Гэвч тэрээр өөрөө номынхоо нээлтэд оролцож чадаагүй. Учир нь Төв аймгийн урьдчилан хорих төвд баривчлагдсан байсан билээ.
4. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Би юу ч мэдээгүй унтаж байсан”. Н.Энхбаярыг баривчлагдсан шөнө нийслэл даяараа унталгүй болсон процессийг харж байсан. Харин баривчлагдсаных нь өглөө тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос тодруулахад энэхүү үгийг хэлсэн юм. Тиймээс нийслэл даяар бужигнаж байхад ганц унтаж байсан хүн нь Ц.Нямдорж, Ц.Нямдоржийнх зурагтгүй гэх шүүмжлэлд өртсөн билээ.
5. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “ “Миний авсан багаджээ, одоо дахиад илүүг авна” гээд дайрч байгаа хүнийг хууль дуудсан. Хууль дуудсан л бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих ёстой”. Тэрээр Н.Энхбаярыг саатуулагдсаны дараа нийслэлийн иргэдтэй уулзалт хийхдээ илтгэл тавьсан. Уг хоёр цаг шахам үргэлжилсэн илтгэлдээ Н.Энхбаяр луу чиглэсэн олон эшлэл хэлсэн байдаг. Тэгэхдээ Н.Энхбаяр гэж нэг ч удаа нэр цохон хэлээгүй ч “50 нас хүрсэн хүн”, “дуулиант баривчилгаа” зэрэг үгс л хэний тухай гэдэгт хамгийн дөхөж очсон тодорхойлолт байсан юм.
6. Топ модель Э.Одгэрэл: “Одоо цагт Ц.Мянганбаяртай нэр холбогдсон хүмүүс л топ модель болдог болсон байна шүү дээ”. Тэрээр энэ жилийн “Гоёл” намд оролцохгүй гэснийхээ дараа энэ үгийг хэлсэн юм. Учир нь Азийн топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл нар ярилцаж энэхүү шийдвэрийг гаргасан байдаг.
7. МҮАН-ын дарга М.Энхсайхан: “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна” гэж би хэлж чадахгүй. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсний дараа энэ үгийг хэлэв. Уг нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН хамтран “Шударга ёс” эвслийг байгуулж оролцсон. Харин дараа нь суудлын тохирооны асуудалд санал нийлээгүйгээс тэд түнжин хагарсан юм.
8. УИХ-ын дэд дарга С.Баярцогт: “Чи ямар мэдлэггүй юм бэ?”. Тэрээр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “Оюутолгойн” гэрээний асуудлаар мэтгэлцэх үеэрээ байнга энэ үгийг хэлж, С.Ганбаатар луу дайрч байв. Гэвч түүний мэтгэлцэгчээ унагаж авах “Мэдлэггүй…” хэмээх тактик хүмүүст таалагдаагүй юм.
9. “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл: “Сонгууль болохгүй. Дэлхий сүйрнэ”. Гэвч сонгууль болдгоороо болсон. Мөн олон эрдэмтэн судлаачид дэлхий сүйрэхгүй хэмээн мэдэгдээд байгаа. Харин Г.Оюунгэрэлийн хувьд бэлтгэлээ базаачихсан. Англи, Австралид байдаг ах дүүгээ дуудаад гэр мэрээ авчихсан байгаа юм байна.
10. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт: “Хийсэн нь бус, хийрхдэг нь давамгайлдаг болчихсон юм уу даа”. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшсэн ч ялагдсан. Харин сонгуулийн ялагдсаны дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард энэхүү үгийг хэлсэн билээ.
11. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: “Бидний байр солигдчихжээ”. Өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдрийн чуулганаар УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг ялалт байгуулсан тухай СЕХ-ны тогтоолыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч МАН-ынхан уг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэний улмаас Төрийн ордны гадна болон дотор "эсэргүүцлийн" жагсаал зохион байгуулсан юм. Төрийн ордны дотор УИХ дахь МАН-ын гишүүд буйдантай жагсаал хийх үед Л.Гүндалай гишүүн МАН-ын гишүүдтэй мэндлэхдээ энэ үгийг хэлсэн билээ.
12. УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва: “Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин хоёрыг хараад хоолой зангирсан”. Хорих ялаар шийтгүүлээд буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт МАН-ын дарга Ө.Энхтүвшин эргэж очсон билээ. Үүнийг харсан Д.Тэрбишдагва маргааш нь энэ үгийг хэлж байв.
13. МУ-ын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар: “Би цаг хугацааг буцааж болдог бол буцаамаар байна”. Тэрээр Лондонгийн олимпод оролцсон ямар ч амжилт үзүүлээгүй. Харин түүнийхээ дараа энэхүү үгийг хэлж байлаа.
14. Яруу найрагч Ц.Хулан: “Хэрвээ би гичий юм бол сайхан эр чонийн өвөрт тухалж хоноод маргаашийнхаа анд гармаар байна”. Тэрээр нэгэн ярилцлагандаа ийнхүү ярьсан байдаг.
15. Улаанбаатар хотын захирагч , Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: “Өөрсөддөө өргөө харш барьдаг дарга нар биш гэдгээ АН-ынхан харуулах болно”. Тэрээр Нийслэлийн Засаг даргаар томилогдсоныхоо дараа энэхүү үгийн хэлж байв. Одоогоор хүмүүс түүний хийж буй ажлуудад “онц” хэмээх дүн тавиад байгаа.
16. Никитон хамтлагийн ахлагч Батчулуун: Би бол монголын рок попын “Ferrari”.
17. УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир: “Н.Энхбаяр үхэх гээд байгаан бол хоол идэхэд л болоо биз дээ”. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлэлтээ зогсоо хэмээн хуурай өлсгөлөн зарлахад энэ үгийг хэлж байв.
18. Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар: “Заримдаа энэ бүхэн бодит амьдрал биш хар дарсан зүүд байгаасай гэж хүсэх юм”. МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгаа, өлсгөлөнгийн дараа олон хүн үзэл бодлоо илэрхийлсний нэг нь түүний хүү Э.Батшугар байлаа.
19. МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон: “Надад уйлах ч зав өгөхгүй байна. Хэлмэгдүүлэлт эхлүүлсэн хүн өөрөө тэр зүйлдээ ороогддог”. Тэрээр нөхрөө хэлмэгдүүлсэн хэмээн үздэг. Энэ үгээрээ мөн одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дайруулан хэлсэн байдаг.
20. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: “Н.Энхбаяр маш том аалзны торны сүлжээг задлах гэрч болж байгаа. Тиймээс хорлогдох вий гэж айж байна”. Тэрээр Н.Энхбаярыг дөнгөж баривчлагдсаны дараа энэ үгийг хэлж байв. Мөн эрүүл мэнд нь муу бол суллах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан билээ.
21. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: “Намын даргадаа санаа зовдоггүй МАХН-ын гишүүн байх ёсгүй”. МАХН-ынхан даргадаа үргэлж санаа зовж байдаг. Бүр УИХ-д байгаа гишүүд нь хүртэл даргыг нь суллахгүй бол засгаас гарна хэмээн мэдэгдэж байв.
22. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Их мөрөн шалбаагтай нийлдэггүй”. Сүүлийн үед МАН-ыг МАХН-тай нэгдэж, бүлэг байгуулах гэж байгаа хэмээн хэвлэлээр гарсан. Харин түүний дараа Ц.Нямдорж гишүүн энэхүү үгийг хэлсэн байдаг.
Тиймээс МАХН-ын гишүүд биднийг доромжиллоо хэмээн Ц.Нямдорж гишүүнийг халз мэтгэлцээнд дуудаад буй.
23. Эрүүл мэндийн сайд Н.Удвал: “Н.Энхбаяр дарга Монголд байхгүй эмгэг туссан”. Гэвч Н.Энхбаярын онош энэ сард батлагдаж, тэрээр архаг хордолтод орсон нь тогтоогдсон юм. Учир нь тэрээр 11 хоног хуурай өлсгөлөн зарласан тул ийнхүү хордлогод орсон билээ.
24. Сангийн сайд Ч.Улаан: "Дулмаа минь санагдаад байна гээд уйлж байдаг шалихгүй эр шиг л байх юм". Тэрээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид хандан энэ үгийг хэлж байв.
Б.Чимэг
Сэтгэгдэл (13)