Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 50 захиргааны хэм, хэмжээний актыг бүрэн цуцалсан. Ингэснээр төрийн үйлчилгээг хүнд сурталгүй авах, давхардсан чиг үүргүүдийг цуцалсан. 170 зөвшөөрөл бүрэн цахимжсан. Зөвшөөрөл авах гээд очихоор иргэний үнэмлэх нэхэж, нотариатаар батлуулахыг шаарддаг, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхдэг гэх гомдол 11-11 төв дээр ирдэг. Өнгөрсөн долоо хоногт 72 гомдол, санал ирсэн. Үүний 80 хувь нь зөвшөөрөлтэй холбоотой байсан. Бодит байдал дээр цаасаар бичиг баримт нэхдэг байдал үргэлжилсээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд 170 зөвшөөрлийг бүрэн цахимжуулсан. Тиймээс иргэдээс баримт бичиг нэхсэн төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохоос өөр арга зам үлдсэнгүй.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхнаар ахлуулсан стандартын бие даасан эрх зүйн орчинг бий болгох ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд ажилласны үндсэн дээр стандартчилал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг их хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Манай улсад өнөөдрийн байдлаар 6733 стандарт байгаа ч үүнийг иргэд, хуулийн этгээдүүд төдийлөн дагаж мөрддөггүй. Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартуудыг манайх шууд авч хэрэглэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн орчин бүрдээгүй.
Зөвхөн 2022 оны байдлаар барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарт 2000 гаруй стандарт мөрдөгдөж үүн дээр үзлэг хийсэн. Үзлэгийн хариуд 782 стандарт л олон улсад нийцэж байсан.
Зөвшөөрлийн хуулийг зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэсэн шинэ концепц руу явуулж байгаа. Зөвшөөрөл мэдэгдлийн хууль, стандартын хууль гарснаар төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх, нэг сувгаар иргэдтэйгээ харьцах бололцоотой болно.
Төрийн хяналт бүтээмжийн зөвлөл дээр Боловсролын яам манлайлаад чиг үүргийг оновчлох ажлуудыг хийж хэрэгжүүлье гэж санаачлага гаргасны үндсэн дээр чиг үүргүүдийн давхардлыг арилгах, тодорхой хэмнэлт үүсгэх бололцоотой асуудлуудаа танилцуулсан" гэлээ.