Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсролын яамны сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн бүтээмжийн зөвлөлтэй ярилцаад боловсролын салбар дахь, ялангуяа боловсролын улирдлага, менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын чиг үүргийн давхцлыг судалж үзэхэд нэлээн сонирхолтой үр дүн гарсан. Тодруулбал Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын Ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн нийт ажилчдын тоо 361 байна. Газар хэлтэс, хариуцаж байгаа ажлууд дээр нь, тусгайлсан Засгийн газрын 22-р тогтоол байдаг. Үүгээр чиг үүргийн шинжилгээ хийж үзэхэд 81 чиг үүрэг давхцаж байна.
Нийтдээ 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа. Нийтдээ 30 албан тушаалтан буюу 361 хүний 8 хувьтай тэнцэх хэмжээний хэмнэлтийг үүсгэх боломж байна. Мөнгөн дүнгээр бол жилд 900 орчим сая төгрөгийн хэмнэлтийг үүсгэж болж байна.
Ингээд Засгийн газарт танилцуулж, дараа нь бүтэц, зохион байгуулалтынхаа арга хэмжээг Засгийн газарт танилцуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар боловсролын салбар жижигдүү толгойтой, их том гэдэстэй, хөл нь чөргөр болчихсон байна. Тиймээс давхцсан 73 албан тушаалыг орон нутаг руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл орон нутаг дахь Боловсролын газруудыг эрчтэй ажиллуулах, ажилтнуудын ачааллыг бууруулахад чиглэнэ. Мөн судалгаа, шинжилгээ хийдэг газруудаа дэмжинэ. Ингээд 30 албан тушаал хэмнэгдэх шаардлагатай байна. Цаашлаад орон нутагт дээрх шинжилгээг хийж үзнэ. Ингэснээр иргэд хождог. Нэг асуудлыг хоёр өөр газар хариуцаад явахаар хариуцлагаас мултрах гэж оролддог, ойлгомжгүй байдал үүсдэг, иргэдийг чирэгдүүлдэг. Тиймээс чиг үүргийн давхцлыг арилгана.
Сэтгэгдэл (1)