Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” үндэсний II зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгууллаа. 2024 оны судалгааны үр дүнгээр 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77.4 хувьтай байна. Улсын хэмжээнд нийт 80 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдээс 95.33 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байгаа юм. Амны хөндийн өвчлөл нь 200 орчим бие махбодын өвчнийг үүсгэх, сэдрээх, даамжруулах хүчин зүйл болдог. Иймд амны хөндийн өвчлөлийг бууруулах, шүд цооролтоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дадал зуршлыг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бүтээхэд онцгой анхаарах шаардлага үүсээд байна.
Зөвлөгөөнөөр амны хөндийн эрүүл мэндийн салбарын бодлого, хүний нөөц, тусламжийн уялдаа, халдвар хамгаалалт, чанар, аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах, цаашид баримтлах бодлогыг тодорхойлох талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөлөө. Цаашид эрүүл мэндийн анхан шатны тусламжийг АR ашиглаж тэгш, хүртээмжтэй хүргэх, нотолгоонд суурилж, шинжлэх ухаанд тулгуурласан эрүүл мэндийн боловсролыг иргэдэд хүргэх, хүүхдийг бага наснаас нь эхлэн эрүүл, зөв хэвшилд сургахад чиглэсэн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (1)