УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.
Айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж буй юм. Ийнхүү уншигч та бүхэнд тус айлчлалын эргэн тойронд болж буй мэдээллийг тоймлон хүргэж байна.
-Л.Хойл: Энэхүү айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ-
Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний айлчлалууд, харилцан ойлголцол бэхжиж байгааг онцлов.
Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
-Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав-
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой хийсэн уулзалтын дараа Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
-Цахим засаглал, цахим парламентын чиглэлээр баримталж буй бодлогын талаар санал солилцов-
Айлчлалын үеэр Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны Архитектурын асуудал хариуцсан захирал Руперт Хэй Кэмпбэлл, Инновац ба санаачилгын асуудал хариуцсан захирал Элизабет Акс нартай уулзав. Уулзалтын үеэр талууд цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо.
-Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзав-
Энэхүү айлчлалын хүрээнд Британийн технологийн компаниудад ажиллаж буй Монгол залуусын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.Монгол залуус өөрсдийн ажлын туршлагаасаа хуваалцаж, олон улсад өрсөлдөхүйц технологийн системийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэгийн зохицуулалтын талаар саналаа хуваалцлаа.