Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Экспортыг боино хугацаанд нэмэгдүүлэх, Монгол Улсын вальютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг ажилдаа шуурхай орж, эхний шийдвэрүүдийг гаргаж эхэллээ. Мөн өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа. СЗХ зарим шийдвэрийг гаргасан. Бирж дээр ч түр журам батлагдсан. Эдгээр мэдээллийг Засгийн газарт танилцууллаа. Дээрх ажлын хэсэг анхны тайлангаа тавилаа гэсэн үг. Цаашид тайлангаа Засгийн газрын хуралдаан бүр дээр танилцуулаад явна. Мөн хэрэгжүүлж буй ажил, шийдвэрийг та бүхэнд танилцуулаад явна.
Монгол Улсын вальютын нөөц 4.5 тэрбум доллар орчимд байна. Үүнийг богино хугацаанд нэмэгдүүлж, дөрөв, тавдугаар сар гэхэд 5.5 тэрбум долларт хүргэж, нөөцийн дээд хэмжээг давуулах, импортын хэрэгцээний 5-6 сарыг хангах хэмжээний нөөцөд хүргэх зорилт тавьж ажиллахаар болж байна.
Бидний өмнө тулгараад байгаа асуудлуудаа, богино хугацаанд ямар асуудлыг шийдвэрлэх ёстой юм бэ, ямар зүйлд төвлөрөх ёстойгоо оношлох нь чухал байгаа юм. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн шалтгааны улмаас Монгол Улсын урд хилүүд дээр, Булганы боомт, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтууд дээр нийтдээ 9.5 сая тонн нүүрс овоолго үүсчихээд байгаа юм. Цар тахлын үеийн овоолгын хэмжээнд хүрээгүй ч 10 орчим сая тонн нүүрсний гацаа үүсчихээд байна гэсэн үг. Тиймээс бирж дээр арилжаа явах шинжгүй болчихсон байгаа. Овоолго үүссэн шалтгаан нь өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн хугацаанд хийгдсан болон он гарснаас хойш хийгдсэн 50-аад гэрээ байна. Үүнийг хил хүртэл хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээ гэж ойлгох хэрэгтэй. Намраас хойш нүүрсний үнэ 40 орчим хувиар уначихсан байгаа юм. Тиймд худалдан авагч талууд алдагдал хүлээчихсэн учраас цаашаа татан авалт хийхгүй байна. Түүнээс биш Хятадын эрэлт буурснаас шалтгаалсан зүйл биш. Хятад улс бол 4 тэрбум тонны эрэлт хэрэгцээтэй. Бид бол 100 сая тонн ч хүрэхгүй байгаа. Хятадын талд эрэлт буурлаа гэхэд 5 хувь дотор л яригдана. Гэтэл манайд биржийн арилжаа бол 5 дахин буурчихсан байна. Хил дээрх татан авалт 40-50 хувь буурчихсан байгаа юм. Үүнийг богино хугацаанц зохицуулах хэд хэдэн арга байна гэж харж байгаа. Үнийн хэлбэлзлийг аль аль талд нь уян хатан байх зохицуулалтыг хуулийн хүрээнд бирж дээр зохицуулах журмыг баталлаа. Үүнд банк, яам, худалдан авагч талууд ярилцсан байгаа. Улмаар журмыг Засгийн газрын хуралдаанаас өмнө баталсан.
Биржийн хуулинд тодорхой өөрчлөлтүүд орох хүртэл энэ журмаар арилжааг тодорхой хэмжээнд сэргээх боломж гарч ирж байна гэж харж байгаа. Биржийн арилжааг идэвхжүүлэх тал дээр өөрчлөлт оруулна. Түүнээс биш ил тод болгосон биржийн зарчмаас бид ухрахгүй.
Түүнчлэн 10 орчим заалттай тогтоол гарна. Эхний ээлжинд импортод анхаарахыг зорьж байна. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд дээр шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг, гарах урсгалыг бүрэн зогсооно. Ерөнхий сайдын зүгээс ойрын хугацаанд "Эрдэнэс Монгол"-оос тэрбум доллараар вальютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг хатуу үүрэг болгосон.
Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай тулж ажиллана. Алт-3 хөтөлбөрийг дараагийн Засгийн газрын хуралдаан дээр хэрэгжүүлэх тал дээр танилцуулна. Тавантолгойн бүлэг ордуудаас Ханги-Мандал боомт руу явсан 472 км замыг ашиглалтад авч тээвэрлэлт хийж эхэл гэсэн үүрэг өглөө. Төмөр замын тээвэрлэлтийн тарифыг хоёр дахин бууруулна" гэлээ.