Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм. Тухайлбал, манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм. Ийнхүү уншигч та бүхэнд уг айлчлалын хүрээнд болсон мэдээллийг хүргэе.
Нэг. Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо
Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцааны түвшнийг ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Иж бүрэн түншлэл нь хоёр улсын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулж, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм. Мөн хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд хоёр улсын төр, засгийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан юм.
Хоёр. Палеонтологийн чиглэлийн түүхэн судалгаагаа үргэлжлүүлэх үндэс суурь тавигдав
“Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академийн Палеобиологийн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Зоригтын Бадамхатан, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Палебиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Столарски нар гарын үсэг зурлаа.
Тухайлбал, Академиуд 1963-1971 онд Монголын говьд палеонтологийн хамтарсан хээрийн судалгаа хийж байсан түүхтэй. Үүний дүнд үлэг гүрвэл, хөхтөн, мөлхөгчид зэрэг эртний нугаламт амьтдын томоохон хэмжээний цуглуулга бий болсны зэрэгцээ шинжлэх ухааны олон сонирхолтой нээлт хийсэн. Академи хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч палеонтологийн чиглэлийн түүхэн судалгаагаа үргэлжлүүлэх үндэс суурь тавигдлаа.
Гурав. Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөв
Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчид “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Варшав хотын Маршал Юзеф Пилсүдскийн талбайд байрлах энэ хөшөөг Польшийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь үрэгдсэн үе үеийн цэрэг, дайчдын дурсгалд зориулан босгосон байна.
Мөн Ерөнхийлөгч цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Польшийн ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гэгээн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өнө эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол, Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл, найрсаг дотно харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ.
Дөрөв. Польш нь манай улс руу хийдэг экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлдэг орны нэг
Айлчлалын хүрээнд Варшав хотноо болсон Польш-Монголын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо. Монгол Улс “итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг Ерөнхийлөгч хэлээд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа. Бизнес форумд хоёр талаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.