Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Тэгвэл бодлогын хүү өсөх нь ямар нөлөөтэй талаарх товч мэдээллийг хүргэж байна.
Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг.
Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр/буурснаар (хатуу/зөөлөн бодлого) банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр/бага өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг.
Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүний хөтөч хүү болдог байна.
Монголбанкны бодлогын хүүний өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлнэ.
Инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг билээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна.
Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байжээ.
Бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл улирал бүр хуралдаж, хурлын шийдвэрийг мэдээлдэг.