Бачкаг тодорхойлох амаргүй. Тэр өөрийн гэсэн өндөрлөг бас өвөрмөц ертөнцтэй. Монголчуудын хоосон магтаал, манж занд тэрээр ясны дургүй. Бас атаархуу занг ч тэр шүүмжиллээс ангид орхидоггүй. Удам судар, үзэл бодол авьяас гээд цөм урлагтай салшгүй холбогдсон Бачкад өөрийгөө хүндэтгэх тодоос тод чанар бий. Монголын нэгэн үеийн залуус алдарт "Никитон"-д сөхөрсөн залуу халуун насаараа бардамнадаг. "Хос хунгийн дууль", "Цамцаа тайл", "Янаг цэцэг", "Бүсгүй" гээд цөс хөөргөж цус булгилуулсан "Никитон"-ы эзэрхийлэл Монголын рок попыг дэглэж байсан. Өөрийн брэндийг рок попт дархалсан "Никитон"-ы Бачкагийн тухай 24 баримтыг хүргэж байна. Анх "Янаг цэцэг"-ийг дуулахад үзэгчид түүн рүү нулимж байсан гэдэг. Харин одоо “Янаг цэцэг”-ийг уйлж, дуулж сонсдог.
1. Түүний өвөөг Г.Жамъян гэдэг. Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт хүн. Харин аавыг нь Ж.Батсайхан гэдэг ба нэгэн үе байлдан дагуулж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин юм. Харин урлагийн ертөнцөд үе дамжин зүтгэж буй нь энэ гэр бүлийн үргэлжлэл нь мэдээж бидний мэдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун.
2. Бачка Хөгжим бүжгийн коллежид сурдаг байсан. Өөрийгөө их муу сурлагатай хүүхэд байсан гэдэг. Тухайн үед мэргэжлийн багш нар нь рок хөгжимд төдийлөн дуртай бус байсан ба Бачкагийн хувийн хэрэг дээр авъяас муу, сонсгол дунд зэрэг ер нь л олигтой тодорхойлолт байдаггүй. Авъяастай үгүй нь хувийн хэргийн тодорхойлолтоор хэмжигддэггүй гэдэг нь хожмоо харагдсан билээ.
3. Б.Батчулууны алдартай дуунуудын нэг “Янаг цэцэг” дуу түүний зохиосон хамгийн анхны дуу юм. 1987 онд долдугаар ангид байхдаа аяыг бичиж байсан ба үгийг нь гамин Батаа хэмээх доод айлынх нь ах зохиож өгч байжээ. Долдугаар ангийн 13, дөрөвтэй бяцхан хүүгийн зохиосон энэ дуу одоо ч хит хэвээрээ байна.
4. Тэрээр "Никитон" хамтлагаа байгуулаад 20 жил болж байна.
5. Түүний “Хос хунгийн дууль” дуу нь тухайн үеийн залуусыг жинхэнэ галзууруулж байсан гэдэг. Одоо ч ялгаагүй. Алдарт дуугаа Бачка ердөө есдүгээр ангид байхдаа л хийж байсан. “Никитон” хамтлаг энэ үеэс л хүмүүст танигдаж эхэлсэн гэдэг.
6. Төгөлдөр хуурын аялгуу, амьд хөгжмийг мэдрүүлж, гайхалтай хүчтэй бөгөөд уянгалаг хоолой, гайхамшигтай сайхан дуунуудаар залуусыг тэр чигт нь байлдан дагуулж, нурааж байсан нь “Никитон” хамтлагийг эд нэрд гарч байсан үед Бачка гэнэт Америк явчихав. Гэсэн ч үнэнч хөгжөөн дэмжигчид нь дууг нь сонсож, дуулсаар л байлаа.
7. Долоон жил Америкт байсан Бачка буцаж ирээд шуугиан тарьсан гайхалтай нэгэн дуу хийсэн. Тэр нь “Аргагүй сайхан Бурмаа”. Дууныхаа талаар ярихдаа “Тун дажгүй дуу болсон, Э.Одгэрэлийг 500 ногооноор тоглуулсан. Э.Одгэрэл бол миний найз л даа тэгээд л хямдхан тоглож өгсөн юм. Бурмаа гэдэг нэр жаахан хөдөөнийх ч аянд нь яг тараад байсан юм” гэж ярьж байсан.
8. “Никитон” эргэн ирж уран бүтээлээ хийж эхэлсэн нь олон жил хүлээсэн фэнүүдийнх нь хувьд жинхэнэ сюрприз байсан юм. Ер нь түүний дуунууд хэдий хүнд ч гэсэн монголчууд дуулсаар, сонссоор л байдаг.
9. Түүнийг төрийн соёрхолт дуучин Д.Болдтой үеэлүүд гэдгийг олон хүн мэдэх биз. Тэр ч утгаараа дүүгийнхээ нэгэн клипэнд эцгийнхээ хамтаар тоглосон.
10. Америкт гэр бүлээрээ амьдарч Б.Мянхай гэсэн хүү төрүүлсэн ч эхнэрээсээ салж шинэ амьдрал эхлүүлсэн юм. Бачка анхны эхнэрээсээ салаад удаж байгаа бөгөөд одоо ч гэсэн сайхан харилцаатай байдаг. Хүү нь энэ жил 19 настай.
11. 2012 оны гуравдугаар сарын 6-нд “Никитон” хамтлаг “Нандин шүтээн” хэмээх тоглолтоо хийсэн.
12. Тэрээр өдөрт хоёр гурван цаг хоолойны дасгал хийж бэлтгэл хийдэг.
13. Нүсэр хөгжим дээшээ дуугараллтай дуунуудаараа тэрбээр өөрийнхөө характерийг харуулдаг гэнэ. Хийж буй уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулна гэдэг нь жинхэнэ Б.Бачкагийн ертөнц дэх урлаг гэнэ шүү.
14. Нэг хэсэг түүнийг хар тамхи татдаг гэж хэвлэлээр бичиж байсан. "Никитоны Бачка хар тамхи татдаг" гэсэн мэдээллийг тэрбээр “Би хар тамхи байтугай зүгээр тамхи ч татаж үзээгүй, үзэх ч үгүй” гэж үгүйсгэсэн юм.
15. Тэрбээр мөнгө бодож хэзээ ч уран бүтээл хийж байгаагүй гэнэ шүү. Түүний хувьд мөнгө бодож уран бүтээл хийвэл тэр нь урлагийг доромжилж байна гэсэн үг гэнэ. Ганцхан олдсон насаа урлагт зориулж амьдрана гэдгээ тэр олонтоо тунхаглан зарласан.
16. Олон жил хань ижилгүй ганцаараа амьдарсан ч хүүхнээр хэзээ ч дутаж үзээгүй гэх Бачка хэдэн жилийн өмнө шинэ найз бүсгүйтэйгээ олон нийтийн өмнө гарч ирсэн. Түүний найз бүсгүйг загвар өмсөгч гэж хүмүүс ярьдаг.
17. Бачкагийн эд мандаж байсан үе бол 1989 оноос 1996 он. 1997 онд гаргасан "Цамцаа тайл" CD нь хүмүүсийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж байсан гэдэг.
18. 1990-ээд оны сүүлээр Бачка “Пентатоник” наадмыг голж орохгүй гэдэг байлаа. Хожим энэ тухайгаа хэвлэлд ярихдаа “1997 онд намайг урлагийнхан дарж байлаа. Тэр үед миний "Хос хунгийн дууль"-ийг үнэлдэггүй байсан. Тэр үеийн "Цэргийн бодол" гэж хөөрхөн хит болсон нийтийн дуу байсан. "Цэргийн бодол"-ыг тоглож байгаа хөгжимчдийн чадвар, дууны цар хүрээ "Хос хунгийн дууль"-ийг давахгүй. Тэгтэл Пентатоникт "Цэргийн бодол" шагналыг нь авчихдаг. "Хос хунгийн дууль" ард нь үлдчихдэг. "Хурд" шилдэг хамтлаг болдог. "Никитон" болдоггүй. Ийм л учраас би орохгүй гэсэн” гэж тайлбарлажээ.
19. Бачка “Монголын рок поп урлагийг дээрээс нь харж байна. Би ямагт түрүүлж алхдаг” гэж ярьдаг. Тэр өөрийгөө “Монголын урлагийн Ferrari” гэж хэлсэн ч удаатай.
20. Өмнө нь хэзээ ч сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаагүй Бачка өнгөрсөн зун Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа болсон “Нар” дууг дуулж бас л онцгойрч чадсан юм.
21. Эрх чөлөө, эх орны тухай Бачкагийн тунхаглал нь “Нар” дуу гэсэн.
22. Дуучин Агиймаа Бачкагийн төрсөн дүү Төрөөтэй гэрлэж хүүтэй болсон.
23. Бачка машин, нохой хоёрт “хоббитой” гэдэг. Тэрбээр Benz-ээс гадна өнөөх алдартай Lincoln-гоо хөлөглөдөг.
24. Ер нь тэр хэл аманд өртөмтгий. Бачкаг нэг хэсэг покер тоглож дампуурч байна гэж хэвлэлээр бичиж байв. Мөн “Ice Top” хамтлагийн менежер “Глоб интернейшнл”-ийн Ж.Энхбаяртай гар зөрүүлж толгойндоо олон оёдол тавиулж нүд нь юм харахаа байсан гэдэг мэдээлэл нэг хэсэгтээ л шар хэвлэлийг бичих сэдэвтэй болгосон билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (37)