Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Туркменистан Улсад айлчиллаа. Уг айлчлалын эргэн тойронд болсон мэдээллийг тоймлон хүргэе. Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол Улс болон Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа хэрэгжсэн дээд түвшний айлчлал юм. Энэ утгаараа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болсон юм.
Нэг. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын “Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр” болон “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсныг талууд сайшаав. Энэ хүрээнд Монгол Улсаас Туркменистан Улсад ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Туркменистан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хивс, хивсэнцэр зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар судлахаар тогтов.
Хоёр. Далайд гарцгүй хоёр улс
“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэд илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм.
Дашрамд, Ерөнхийлөгчийн Тамгыг газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр өөрийн facebook хуудастаа “Туркменистан улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов Монгол улс далайд гарах гарц хайж байгаа. Каспийн тэнгисийг ашиглан дэлхийн зах зээл рүү гарахад манай улсын боомт том түшиц болох боломжтой” гэлээ хэмээн бичээд олон хүний шүүмжлэлд өртөв. Учир нь зарим иргэд түүний мэдээллийг шүүмжилж, “Каспийн тэнгис нь манай Хөвсгөл шиг нуур” гэсэн байр суурийг илэрхийлсэн гэжээ.
Монгол Улс, Туркменистан улс хоёулаа далайд гарцгүй орон юм.
Гурав. Монгол Улс, Туркменистаны анхны бизнесийн форум болов
Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес уулзалт”-ыг зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болов.
Дөрөв. Хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Манай хоёр улс түүх, соёлын дурсгалт газар, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт сайхан газруудаараа дэлхийд алдартай улс орнууд билээ. Энэ удаагийн айлчлалаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулсан нь Монгол, Туркменистаны ард иргэд улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.
Түүнчлэн хоёр улсын нийслэл Улаанбаатар, Ашхабад хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв.
Тав. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав.
- “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
- “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
- “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
- “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
- “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
- “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
- “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.